Балжинням Эрдэнэбатын

Эрдэнэбатын Балжинням нь 1968 оны 7-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод айлын ууган хүү болж мэндэлсэн. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж Сэлэнгэ аймгийн Сант сумын 10 жилийн дунд сургуульд 1976-1986 онд суралцан төгсөж, Гадаад хэлний дээд сургуулийг 1986-1992 онд "Орос хэлний багш" мэргэжлээр төгссөн.

1992 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын 10 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, 2006 он хүртэлх 15 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхон сум, Сайхан сум, Нийслэлийн 9, 104-р сургуулиудад багшаар ажилласан юм. 2006 оноос хөлбөмбөгийн тайлбарлагчийн ажлын гараагаа ТВ9 телевизиэс эхлүүлж, C1, NTV, Star TV, SPS HD телевизүүдэд спортын нэвтрүүлэгч, хөтлөгч, хөлбөмбөг тайлбарлагчаар ажиллажээ.

2006 оноос хойш тасралтгүй 16 жил телевизийн салбарт ажиллахдаа дотоод гадаадын нийт 2000 гаруй тоглолтыг шууд тайлбарласнаас гадна 200 гаруй телевизийн баримтат болон намтарчилсан нэвтрүүлгийг үзэгчиддээ бэлтгэн хүргэсэн. Мөн бүх насны спорт сонирхогчдын оюуны мэдлэг тэлэх зорилгоор "Үүнийг л гайхамшиг гэнэ дээ" (2009) нэртэй хөлбөмбөгийн спортын сонин хачин, үүх түүх, клуб, тамирчдын онцлогийг таниулсан анхдугаар ном, "Миний л амьдрал" (2015) нэртэй өөрийн амьдралын намтарчилсан номыг тус тус хэвлүүлж нийтийн хүртээл болгосон юм.

Э.Балжиннямын авьяас билэг, хөлбөмбөгийн спортыг хүүхэд залуус, олон нийтэд сурталчилан таниулах, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, "Алтан гадас" одонгоор тус тус шагнагдаж байв.