Ширнэн Баатарцогтын

Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. Арван жилийн дунд сургуулиа төгсөөд ПТДС-д суралцан, Сулинхээрийн отрядын Хэцүү -Уулын заставт цэргийн алба хааж, ЗХУ-ын Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ХЦУТДС, А.С.Пушкиний нэрэмжит ОХБДС, МЛИС болон Улаанбаатар хотод БНМДИ-ийн англи хэлний курст суралцан төгсчээ. СОТ-З-т орчуулагч, Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 3, 1, 8-р сургуулиудад орос хэлний багшаар болон бизнес, ХЭАА эрхлэн ажиллаж байсан. ХУИС-ийн магистрантур, докторантурт суралцан хүмүүнлэгийн ухааны магистр, 'Монголчуудын үсэг бичгийн хэрэглээг нийгэм хэлшинжлэлийн үүднээс судлах нь (монгол бичиг, латин, кирил үсгийн жишээн дээр)' сэдвээр хэлшинжлэлийн ухааны доктор Ph.D хамгаалсан. НСИСОУХүрээлэнд ЭШАА-аар ажиллаж Монгол Улсын тал, говь, хангайн бүсийн ихэнх аймаг, БНХАУ-ын Ганьсу, Хармөрөн муж, ӨМӨЗО-ны Шилийн гол, Алашаа, Эзинээ, Хөлөнбуйр, ОХУ-ын Буриад Улсын Ага, Тункин аймгуудын нутагт зарим угсаатны бүлгүүдийн гарвалзүй, соёл, зан заншил, ахуй байдлын холбогдолтой хээрийн судалгааны экспедицүүдэд оролцож, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэл аялгуу, түүх, угсаатанзүй, хүн амзүй, миграц, улстөрийн чиглэлээр илтгэл тавьжээ. Туурвисан болон эмхэтгэсэн зарим бүтээлүүд нь: • Тэнгэр уншихуй. 2004 он, • Фонолог, түүний үндсүүд. 2005 он, • 'h' авиаг судлахын оршилд. 2005 он, • Буриадын нүүдэл -хэл, аялгууны учир. 2005 он, • Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудлууд. 2005 он, • Монгол Улсын хэлний бодлого. 2006 он, • Монгол Улсын боловсролын салбарын хэлний бодлого. 2007 он, • Даяаршлын үеийн үндэстний ба гадаад хэл. 2007 он, • Даяаршил - хэлний бодлого - хэвлэл, мэдээллийн хэрэгсэл. 2008 он, • Дэлхийн соёл иргэншлийн он дараалал (орчуулсан), 2009. • Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд их сургуулиудын үүрэг. 2010 он. • Ерэн оны есөн cap (Монголчуудын нийгэм, улстөрийн түүхэн тэмдэглэл). 2010 он • Нүүдэлчдийн нийгэм, тал нутгийн соёл. (хамтын бүтээл)