Мижиддорж Рэнчингийн

Завхан аймгийн Завханмандал сумын нутагт Хүнгүйн голын 'Тасархай' гэдэг газар төрсөн. Завханмандал сумын 7-н жилийн дунд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн дунд сургуулийг 1966 онд төгсөөд ЗХУ-ын (хуучин нэрээр) Одесса хотын Ус цаг уурын дээд сургуулийг дүүргэж, 1974-1977 онд Ленинградын (хуучин нэрээр) Ус цаг уурын дээд сургуульд аспирантурт суралцаж газар зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тэрээр Ус цаг уурын хүрээлэнд инженер, захирал, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байсан. 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи, тогтвортой хөгжлийн төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Р.Мижиддорж нь Агаар мандлын орчил урсгал, уур амьсгал, байгаль хамгаалал, шугаман бус динамикийн чиглэлээр нэг сэдэвт ном товхимол 12 бичиж хэвлүүлсэн байна. Тэрээр дээр дурдсан чиглэлээр эрдэм шинжигээний өгүүлэл 100 гаруйг бичиж нийтлүүлсний 10-аад нь ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд орос, англи хэл дээр нийтлэгджээ. Тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зэрэгцээ ШУТИС, МУИС зэрэг их сургуулиудад багшилж, 8 докторын ажлыг удирдаж хамгаалуулсан байна. Р.Мижиддорж нь Монголын Шинжлэх ухааны үндэсний академи (төрийн бус байгууллага), Монголын шугаман бус шинжлэх ухааны нийгэмлэг, Хүн ба байгалийн аюулгүй байдал, экологийн олон улсын шинжлэх ухааны академийн гишүүнээр тус тус сонгогдсон байна.