Эдогава Рампо

Японы адал зохиолын титэмгүй хаан Эдогава Рампогийн уран бүтээлийн өв хорь орчим боть болох бөгөөд үүнээс 'Хүн сандал', 'Толин там', 'Зурагтай аялагч', 'Улаан тасалгаа' зэрэг олон өгүүллэгүүд, 'Сүүдэрт гэтэх чөтгөр', 'Хар гүрвэл', 'Сохор мангас' туужууд нь дэлхийн олон хэлээр орчуулагдсан тун алдартай бүтээлүүд юм.

Таро Хирай уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан нь америкийн утга зохиолын суутан Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Тэрбээр триллерийг японжуулж бичиж чадсан төдийгүй үүгээрээ зөвхөн өөрийн орны уншигчдын төдийгүй дэлхийн олон уншигчдын сэтгэлийг татаж чадсан билээ.