Лхагважав Намдагийн

1941 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Байшинтийн төгөл хэмээх газар төрж, 1961 онд Хатгалын 10 жилийн сургууль, 1966 онд Эрхүү хотын их сургуульд суралцаж, биологи- ботаникчийн мэргэжил эзэмшсэн. 1966-1968 онд Хөвсгөл аймгийн ХАА-г удирдах газарт мэргэжилтэн, 1969-1987 онд БТЭШХ, МААЭШ хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1987 онд бэлчээр, хадлан ашиглалтын секторын эрхлэгч, 1988 оноос Архангай аймгийн Ихтамир суманд томилогдож, 1988-1995 онд Хангайн ӨУБЭШ-ний станц, салбарт судлаач, эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж ажилласан. Хангайн өндөр уулын нөхцөлд бэлчээрийг зохистой ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх сэдвээр ХАА-н ухааны докторын (Ph.D) зэргийг 2000 онд хамгаалсан. 1996-2003 онд НҮБ-аас хэрэгжүүлсэн 'Бэлчээрийн МАА-н эрсдлийн стратеги ХХАА (ТХА'МОН-066)', 2004 онд 'Бэлчээрийн тогтвортой менежмент', 2004-2012 онд Щвейцарын хөгжил, хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлсэн 'Бэлчээр ногоон алт', 2009-2010 онд Германы GTZ төслийн 'Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл ба байгалийн нөөцийн менежмент' зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд түр хугацааны гүйцэтгэгч, судлаач, зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэсэн. 1970-1975 онд Төв аймгийн Заамар сум нэгдэлд 'Хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах үндэслэл', 1977-1985 онд Булган аймгийн Орхон суманд 'Ойт хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах биологи-аж ахуйн үндэслэл', 1986-1995 онд 'Хангайн өндөр уулын бүс нутгийн бэлчээрийг зохистой ашиглах биологи-аж ахуйн үндэслэл' зэрэг эрдэм шинжилгээний сэдэв, төслийн ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Удирдах дээд шатны байгууллага, дарга нарын тушаал, шийдвэрээр 1972 оноос жилийн турш 'Монгол орны малын тэжээлийн бааз суурийг 1975-1990 хүртэл хөгжүүлэх' хэтийн төсөөлөл, 1984 онд Монгол орны малын тэжээлийн баазыг 1985-2010 он хүртэл бэхжүүлэх зорилтот хөтөлбөр боловсруулах, 1979 онд 'Одоогоор ашиглалтгүй нутаг бэлчээрийг эзэмшилд оруулах' санал боловсруулах ажлаар Булган, Хөвсгөл аймагт, 1981 ондТөв аймгийн Өндөрширээт суманд '10 мянган бог малыг ээлжээр төллүүлэх гурван баазын бэлчээрийг хамгаалж, зохистой ашиглах' төсөл боловсруулах, Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт, Шинэжинст сумдын бог малыг ээлжлэн төллүүлэх баазын бэлчээрийн байдлыг газар дээр нь судлаж, зохистой ашиглах зөвлөмж боловсруулах зэрэг ажлыг удирдах дээд байгууллагын даалгавраар гүйцэтгэж ирсэн. Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хялбаршуулсан товхимол 1, бусадтай хамтарч 12 ном, үүний дотор гадаадад номын нэг бүлэг, Эрдэм шинжилгээний өгүүлэл 4 бичиж нийтлүүлсэн. Мөн Эрдэм шинжилгээний өгүүлэл 40-ийг нийтлүүлж, ШУҮ-ийн бага хуралд 13 илтгэл хэлэлцүүлснээс гадна заавар 4, зөвлөмж 12, аргачлал 6, норм, норматив 5-ыг тус тус боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 1 магистр, 4 баклаврын диплом, оюутны хээрийн дадлагыг удирдаж, хамгаалуулсан. Төрөөс ойн медаль, Алтан гадас одон, Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан цолыг тус тус хүртсэн.