Жан Жак Руссо

Жан Жак Руссо нь 1712 оны 6 сарын 28-нд Швейцарийн Женев хотод төржээ. Тэр бол Францын агуу философич, зохиолч, Соён гэгээрлийн хөдөлгөөний хамгийн чухал төлөөлөгч нэгэн бөгөөд хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, ургамал судлаач хүн байсан юм. Уран зохиолын салбарт Сентиментализмын гол төлөөлөгч гэж үнэлэгддэг.

Руссогийн нийгэм, улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлсэн томоохон бүтээлүүдээс дурдвал: Философийн чиглэлээр сурган хүмүүжлийн чухал бүтээл болох Эмиль, Нийгмийн гэрээ, уран зохиолын чиглэлээр Шинэ Эллоиз сентименталь романыг нэрлэж болно. Руссо түүхэнд анх удаа философийн бүтээлүүддээ нийгмийн тэгш бус байдал, түүний төрлүүдийг дурдаж төрийг ард түмэнтэй гэрээ байгуулах замаар бий болгохыг санал болгосон юм. Тэрээр төр бол нийгмийн гэрээний үндсэн дээр үүсдэг гэж үзсэн бөгөөд энэхүү гэрээний дагуу дээд эрх мэдэл бүх нийтийн эрх ашигт хамаарна хэмээжээ. Хууль нь бүх нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж, хувь хүнийг төрөөс хамгаалах хэрэгсэл болсноор төр бүх нийтийн эрх ашгийг зөрчих эрхгүй болно.

Жан Жак Руссо бүтээлүүддээ төрийн үйл ажиллагааг хянах асуудлын чухлыг хөндсөн билээ. Тэрээр нийгмийн тэгш бус байдлыг шүүмжилж хуулийг санаачлахад бүх нийт өөрсдөө оролцох ёстой гэж үзсэн аж. Чухам Руссогийн нөлөөтэйгөөр “Бүх нийтийн санал асуулга”, ард түмний хуулийн оролцоо, төрийн дээд эрх мэдэлтнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал, төрийн дээд эрх мэдэлтний хийсэн ажилд бүх нийт дүн тавих зэрэг олон ойлголтууд бий болсон билээ.