Вүүлф Виржиниа

Виржиниа Вүүлф бол XX зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг билээ.
Тэрээр эхлээд ээжийгээ, дараа нь аавыгаа нас барахад сэтгэлийн гүн хямралд нэрвэгджээ. Вүүлф сэтгэлийн хямрал, хоолны дуршилгүй болох зэрэг өвчинд нэрвэгдсээр 1913 онд амиа хорлохыг завджээ. Гэхдээ энэ бүгдийн дараа эрүүл мэнд нь сайжирч, өөрийн нөхөр Леонардын хамт 1917 онд Хогарт хэвлэлийн газрыг байгуулсан юм. Үүний дараагаас Виржиниа романуудаа ар араас нь хэвлүүлэв. 1918 онд Өдөр шөнө, 1922 онд Якобын өрөө, 1925 онд Хатагтай Даллоуэй, 1927 онд Гэрэлт цамхаг тийш, 1928 онд Орландо, 1931 онд Давлагаанууд, 1932 онд Флаш, Он жилүүд номуудаа хэвлүүлэв. Тэрээр хүний ухамсрыг дүрслэх шинэ арга барилаа туршсан Хатагтай Даллоуэй, Гэрэлт цамхаг тийш хэмээх авангард бүтээлүүдээсээ гадна егөөдөлт намтар хэлбэртэй Орландо романаараа нэрд гарсан. 

Вүүлфийн эцэг эх нь хоёулаа утга зохиолтой холбоотой хүмүүс байсан байна. Аав нь түүх, намтар судлал болон нэвтэрхий толь бичиж байв. Түүний бичсэн 18-р зууны Английн сэтгэлгээний түүх (1876) ном нь энэ салбарт чухал ач холбогдолтойд тооцогддог. Гэрэлт цамхаг тийш зохиолын ноён Рэмзи дүрийг бүтээхдээ Вүүлф эцгээсээ санаа авсан байдаг. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс дүгнэж үзвэл, Өөрийн гэсэн өрөө (1929) эсээ нь энэ гурван романаас дутахааргүй нөлөөтэй бүтээл гэж хэлж болно.

Виржиниа Вүүлф хамгийн сүүлийн ном болох Үзэгдлүүд хооронд-оо 1941 оны 2 дугаар сард дуусгажээ. Үүний дараа түүний эрүүл мэнд эрс доройтож, ахин сайжрахгүй гэж айсандаа Виржиниа гэрийнхээ ойролцоох Уз голд живж амиа хорлосон юм.