Ойдов Б

Балсанцэрэнгийн Ойдов нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Яруу найргийн 'Парнаст хүрэх зам', 'Эрх танхай нүргэлээн' шүлгийн түүвэр, 'Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшигууд', 'Үндэстний үзэлтнүүд ярьж байна', 'Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв', 'Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд', 'Ар халхын шилийн сайн эрчүүд', 'Монголын цуутай нударган тулаанчид' зэрэг гуч орчим ном туурвижээ. 2012 онд 'Төрт ёс-Хаадын сан'-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд 'Орлой мэргэн Цагаан' бүтээл нь дэд байрын шагнал хүртсэн. 2013 онд 'Төрт ёс-Хаадын сан'-гаас зарласан Монгол хатдын тухай түүхэн зохиолын уралдаанд 'Зүүн гарын мөхөл' бүтээл нь шилдэг зохиолоор шалгарчээ. Мөн 2013 онд УИХ-ын тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойн уралдаанд түүний 'Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн' өгүүллэг нь тэргүүн байрын шагнал хүртсэн бол Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд 'Ерээд оны дурдатгал' бүтээл нь тэргүүн байрын шагнал хүртжээ. Түүнчлэн 2015 онд 'Төрт ёс-Хаадын сан'-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд түүний 'Айн Жалудын цавчилдаан' бүтээл нь тэргүүн байрын шагнал хүртсэн байна. 'Хурд' хамтлагтай хамтарч хорь орчим дуу бүтээсэн бөгөөд тус хамтлагийн 20 жилийн ойд зориулж 'Хурд-20 жил' хэмээх том хэмжээний ном бүтээсэн. Кино урлагийн 'Шинэ ертөнц' нэгдлийнхэн Б.Ойдовын 'Нисваанисын хорлол' туужаар '03:30' нэртэй уран сайхын кино бүтээжээ. 2012 онд 'Аравгар хээр' холбооны захиалгаар домогт Арвайхээр морины тухай кино зохиол бичиж дэлгэцэнд гаргасан байна.