Шолохов Михаил Александрович

Орос, Зөвлөлтийн их зохиолч М.А.Шолохов 1905 оны 5-р сарын 11-нд Дон мөрний эрэг дээрх Ростов мужийн Вёшенская хэмээх хасгийн бяцхан тосгонд төржээ. Тэрээр хүүхэд насандаа шашны сургуульд элссэн боловч иргэний дайны улмаас суралцаж чадаагүй тул янз бүрийн ажил хийж, хүнд хэцүү амьдрал туулсан аж. Түүнчлэн идэр залуу нас нь Орос дахь иргэний дайны хүнд бэрх жилүүдтэй давхацсан бөгөөд тэрбээр Улаан армийн эгнээнд элсэн тулалдаж явжээ. Дайн дууссаны дараа төрөлх тосгондоо амьдран, уран зохиолд хүч сорьж, жүжгийн зохиол бичиж, янз бүрийн сонин, сэтгүүлд шог зохиол, өгүүллэг нийтлүүлж байв. 

Түүний анхны ном нь иргэний дайны үед Донынхны туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү амьдралын тухай Донын өгүүллэгүүд түүвэр бөгөөд 1924 оноос эхлэн бичиж, Москвад хэвлүүлжээ. Харин 1926 оноос эхлэн 14 жилийн турш хамгийн том бүтээл Дөлгөөн Дон романаа бичиж, дэлхийн нэгдүгээр дайн, иргэний дайны үеийн Оросын хасгуудын хувь заяаны тухай өгүүлсэн нь Шолоховт дэлхийн хэмжээний нэр алдар авчирсан билээ. Уг бүтээлийг туурвисны төлөө түүнд 1965 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал олгожээ. 

Дөлгөөн Дон дээр ажиллаж байх үедээ зохиолч өөр нэг томоохон роман Сэтгэлийг шинэтгэсэн нь (1932) бичсэн агаад түүндээ хамтралжуулах аяны жилүүдийн тухай өгүүлсэн байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Шолохов цэргийн сурвалжлагчаар ажиллах зуураа Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм романаа бичиж эхэлсэн боловч дуусгалгүй орхижээ. Эдгээрээс гадна Хүний хувь заяа (1956-1957), Түүвэр зохиолууд (1956-1958), Эртний түүхүүд (1966), Сэтгэлийн дуудлагаар (1970), Зүрхэнд мөнхөрсөн Орос орон минь (1975) зэрэг олон зохиол бичиж, уншигчдынхаа зүрхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Дашрамд дурьдахад, 1970 онд Нобелийн шагналтан өөр нэгэн зохиолч Шолоховыг "зохиолын хулгай хийсэн" гэж буруутгаад, Дөлгөөн Дон-ы жинхэнэ зохиолч нь 1920 онд нас барсан Федор Крюков хэмээх хасаг эр хэмээн мэдэгдсэн аж. Гэвч Шолохов Федор Крюковын материалыг (бичвэрийг) ашигласан гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч нотолж чадаагүй юм.