Макиавелли Никколо

Никколо Макиавелли (итал. Niccolò di Bernardo dei Machiavelli, 1469.05.03-1527.06.21) нь Италийн түүхч, философич, Сэргэн мандалтын үеийн Флоренцын дипломатч, зохиолч, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг, жүжгийн зохиолч, Флоренцын төрийн албан хаагч. 1498 - 1512 оны хооронд Флоренцын Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүхийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.

Никколо Макиавелли 1469 оны 5 дугаар сарын 3-нд Флоренцын ойролцоох Сан Кашано тосгонд өмгөөлөгч-хуульч эцэг Бернардо ди Макиавелли (1426-1500), эх Бартоломей ди Стефано Нели (1441-1496) нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1465 онд төрсөн Примавера, 1468 онд төрсөн Маргарита гэдэг хоёр эгч, 1475 онд төрсөн Тотто гэх эрэгтэй дүүтэй байжээ. Хэдийгээр түүний гэр бүл дундаж давхаргынх байсан боловч Никколо хүүгийн бага нас нь ядуу, хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн байна. Никколо сайн боловсрол эзэмшиж, латин болон ромын сонгодог зохиолыг уншдаг байжээ. Үүний дотор эртний Ромын зохиолч, хөгжмийн онолч А.Макробий, эртний ромын түүхч Тит Ливи, ромын гүн ухаантан, улс төрч Цицерон, эртний еврейн цэргийн жанжин Иосефус Флавиус зэргийн бүтээлүүдийг их сайн мэддэг байсан ажээ.

undefined

Николо Макиавелли, 1469-1527. Цээж баримал, Флоренц

Н.Макиавеллийг дундаж нуруутай, туранхай, хар үстэй, цагаан арьстай, жижиг толгойтой, туранхай царайтай, өндөр магнайтай, нарийхан уруултай байсан гэж түүхч-намтар судлаач Роберто Ридольфи сүүлд түүний гаднах төрхийг тодорхойлсон байна.

Түүний улс төрийн амьдралыг хоёр хувааж үздэг. 1512 он хүртэл төрийн албанд зүтгэсэн бөгөөд төрийн албанаас хүчээр зайлуулагдсанаас хойш өөрийг нь алдаршуулсан ном зохиолоо бичих болсон үе гэдэг байна.

1498 оны 7 дугаар сарын 14-нд Макиавелли Флоренцын цэргийн хэргийг хариуцдаг Арван комиссын нарийн бичгийн даргаар сонгогдов. Комиссын сонгогдсон гишүүд зургаан сар тутамд солигддог байсан тул үндсэн ажлыг тамгын газар гүйцэтгэдэг байв. Энэ албанд Макиавелли 14 жил зүтгэж Францын Людовик XII хаан, Неаполь дахь Фердинанд II хаан, Ром дахь Папын газар дипломат үүрэг гүйцэтгэж төрийн бичих хэрэг хөтөлдөг байжээ. Энэ үед Итали хэдэн арван мужид хуваагдсанаас гадна Неаполийн хаант улсын төлөө Франц, Ариун Ромын эзэнт гүрний дайн эхэлжээ. Дараа нь дайныг хөлсний цэргүүд байлдаж, Флоренц хүчтэй өрсөлдөгчдийн хооронд маневр хийх шаардлагатай болж, Макиавелли тэдэнтэй дипломат харилцаагаа барьж байв. Бослого гаргасан Пизаг бүслэхэд Флоренцийн засгийн газар, түүний армид суугаа бүрэн эрхт төлөөлөгч Никколо Макиавелли маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байжээ.

undefined

Н.Макиавеллигийн "Эзэн хаан" номны орос орчуулга.

Макиавеллиг улс төрийн амьдралаас холдуулж, амьжиргааны эх үүсвэргүй болгож, 1513 онд Медичийн эсрэг хуйвалдааны хэргээр баривчилжээ. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг тамлан зовоож мэдүүлэг авч байжээ. Тэрбээр ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнд цаазаар авах ял оноожээ. Өршөөлийн ачаар л тэр цаазын ялаас суллагдсан байна. Найз нөхөд, хамаатан садан нь түүнд зориулж барьцааны 1000 флорины төлжээ. Макиавелли Флоренцийг орхиж өөрийн эдлэн газар руу явжээ. Тэндээ Төрийн тогтолцооны тухай зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна.