Сүхбаатар Ширчингийн
Бүрэн сумын нутаг Баянтөхөмд төрсөн. Тэрээр МУИС-ийг хуульч, сэтгүүлч мэргэжлээр төгсөж Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг 'Хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйгээр хамгаалах нь' сэдвээр 2010 онд хамгаалсан. Ш.Сүхбаатар нь Төв аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, мөрдөн байцаагч, Төрийн төв хэвлэл 'Ардын эрх' сонинд сурвалжлагч, тоймч, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга, Канад улсын хөрөнгө оруулалттай 'Голден Тайгер' корпорацийн хуулийн ахлах зөвлөх, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол улсын өдөр тутмын 'Өдрийн сонин'-ы орлогч эрхлэгч, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 'Нийслэл таймс' сонины ерөнхий эрхлэгч, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн бөгөөд эдүгээ Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна. Прокурорын Хууль цаазны итгэмжит зөвлөх, төрийн захиргааны Эрхэлсэн түшмэл, зэсвэгт хүчний Хурандаа, Гадаад харилцааны Шадар дипломат цолтон. Ш.Сүхбаатар нь 'Хонины хишиг' (1986), 'Дөлгөөн далайн шуугиан' (1994), 'Толгойдоо тооны машинтай зурхайч' (1997), 'Эр хүн' (1998), 'Хориотой модны жимс' (1999), 'Жингийн хонх' (2000), 'Монгол төрийн мэргэн өвөө' (2003, 2014), 'Бүтэн заяатай Бүрэн нутаг' (2004), 'Монголын хуульч эрдэмтэд' (2006), 'Хоймрын яриа' (2007), 'Эгэл цадиг' (2009), 'Бүрэнгийн сургуулийнхан' (2010), 'Төв аймгийн прокурорын түүхэн товчоон' (2010), 'Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт' (2012) зэрэг яруу найраг, баримтат уран зохиол, судалгааны ном хэвлүүлжээ. Ш.Сүхбаатарын хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Эрх чөлөөний одон, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардчилалын 20 жилийн ойн медаль, Хууль зүйн тэргүүний ажилтан, Прокурорын хүндэт ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан, Нийслэлийн хүндэт ажилтан, Цагдаагийн гавьяа зэрэг цол, тэмдгээр шагнажээ.