Батхишиг Бадамдоржийн

Улаанбаатар хотод төрсөн, бич жилтэй. 1973 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1974 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод их сургуулийн бэлтгэл факультет, 1979 онд Ленинградын их сургуулийн эдийн засгийн факультетыг тус тус төгссөн. Эдийн засагч, улс төрийн эдийн засгийн ухааны багшийн мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор. 1979-1989 онд УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, намын хорооны дарга, 1989-1990 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Намын Төв Хорооны дэд дарга, 1992-1997 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Удирдлагын академи, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан. 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байв. Тэрбээр 2005 оны 9-сараас Монгол Улсаас БНБолгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Доктор Б.Батхишиг 1989 оны сүүлчээр шинэчлэгч 15 эрдэмтний багт орж, МАХН, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр, дүрэм боловсруулж, 1990 оны хавар 'Зах зээлийн эдийн засагт шилжих анхны үзэл баримтлал'-ыг хэсэг эдийн засагч, эрдэмтэдтэй хамтран бичжээ.