Толстой Лев Николаевич

Оросын нэрт зохиолч Л.Н.Толстой 1828 оны 9-р сарын 9-нд Тула мужийн Ясная Поляна хэмээх газар төржээ. Тэрээр 1844 онд Казаны их сургуульд элсэн орж, хууль, дорно дахины хэл шинжлэл судлах болсон хэдий ч "сурах чадваргүй бөгөөд хүсэл эрмэлзлэлгүй" хэмээн багш нартаа гадуурхагдах болсон тул сургуулиа хаяжээ. 1851 онд мөрийтэй тоглоом тоглон, асар их өрөнд орсныхоо дараа цэргийн албанд татагдсан бөгөөд чухам энэ үеэс зохиол бичиж эхэлсэн юм. 

Түүний уран бүтээлийн эхэн үеийн алдартай зохиол нь Бага нас (1852), Өсвөр нас (1854), Залуу үе (1857) хэмээх гурамсан роман юм. Түүний зохиолуудаас XIX зууны Оросын язгууртнууд, Наполеоны дайны үеийн гурван гэр бүлийн амьдралыг харуулдаг Дайн ба энх (1868), эр нөхрөөсөө хайр сэтгэлийн аз жаргалыг амсаагүйн улмаас өөр хүнд дурлаж, гэр бүлээ сарниулаад, өөрийг нь үзэн ядсан нийгмийн гадуурхалтыг тэвчиж чадалгүй амиа хорлосон бүсгүйн эмгэнэлт хувь заяаг үзүүлсэн Анна Каренина (1875-1877) романууд нь дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Л.Н.Толстой 1960-аад оны эхээр Европын орнуудаар аялж байхдаа Шоовдор хүмүүс зохиолыг нь уншин, агуу их авьяасыг нь шүтэн биширч явсан Францын нэрт зохиолч Виктор Хюготой уулзсан нь түүний утга зохиолын болоод улс төрийн талаарх үзэл бодолд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд Дайн ба энх романд нь Хюгогийн нөлөө илүү их илэрсэн байдаг. Түүнчлэн Миний наманчлал (1884), Иван Ильичийн үхэл (1886), Загалмайт сонат (1891), Сэхээрэл (1899) зэрэг олон өгүүллэг, тууж, роман бичсэн билээ. 

Түүний бүтээлийн өв 100 шахам ботиор тоологддог бөгөөд Бурхны хаанчлал таны дотор бий бүтээлийнх нь хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно. Лев Толстой нас дээр гарч өвгөн болсон хойноо эхнэр Софиягаасаа салжээ. Гэвч 48 жилийг хамтдаа туулсан авхайд түүнгүйгээр амьдарна гэдэг санаанд нь багтахгүй байсан бололтой. Амиа хорлох гэж нэгэн цөөрөм рүү үсрэн ортол хүмүүс амжиж амийг нь аварч байсан түүхтэй. Толстой үүнийг сонсоод баахан уйлсан боловч буцаад эхнэртэйгээ суугаагүй юм гэдэг. Удалгүй Толстой Астапово галт тэрэгний буудал дээр 1910 онд 82 настайдаа өөд болжээ.