Даваадорж Чимэддоржийн

Чимэддоржийн Даваадорж нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг 'Тээл' хэмээх газар 1950 онд төрсөн. Тэрээр сумынхаа сургуульд 1959-1969 онд суралцаж төгсөж 1969 онд Монгол улсын их сургуулийн математикийн ангид элсэн суралцаж 1974 онд Математикч, математикийн багш мэргэжлээр төгсжээ. Ч.Даваадорж 1974-1978 онд Дархан, Шарын голын II сургуульд багш, 1978-1990 онд нийслэлийн 12-р дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байсан. 1986 онд ЗХУ-д компьютерийн мэргэжил дээшлүүлэх курс, 1996 онд ХБНГУ-д, 2003 онд удирдлагын хөгжлийн академид мэргэжил дээшлүүлсэн. Ч.Даваадорж нь 'Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагааны нэгэн хувилбар' сэдвээр боловсрол судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Математикийн боловсролын стандартыг хэрэгжүүлэх, математикийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор багш сурагчдад зориулан 'Математикийн хичээлийн сургалтын материал' I-III анги, IV-V анги, VI-VII анги, VIII-IX анги, X-XI анги, 'Геометрийн сургалтын материал' VI-XI анги, 'Хавтгайн геометрийн бодлого бодох зөвлөмж', 'Огторгуйн геометрийн бодлого бодох зөвлөмж', 'Математикийн хичээлийн бодлого бодох зөвлөмж VII-XII анги' номуудын I, II, III цувралууд, сурагчдын математик сэтгэлгээг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр 'Оюун ухааныг хөгжүүлэх бодолгууд' I-V анги, 'Математкийн олимпиадын бодлогууд' I-V анги, 'Математикийн олимпиадын бодлого бодох зөвлөмж' VI-VIII анги, 'Математикийн олимпиадын бодлогууд' VI-XI анги, 'Тэнцэтгэл биш батлах зөвлөмж' VI-XI анги, 'Геометрийн батлах бодлогууд' VIII-XII зэрэг 40 гаруй гарын авлага, сурах бичиг, зөвлөмжүүдийг бичиж хэвлүүлэн багш, сурагчиддаа хүргэсэн нь эдүгээ хот хөдөөгийн багш, сурагчдын хэрэгцээг хангасан ширээний ном болсон байна. Мөн 12 жилийн сургуулийн 'Математикийн хичээлийн сургалтын материал' I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII ангиудын номуудыг бичиж хэвлүүлжээ. Түүний амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын хүндэт тэмдэг, Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт тэмдгээр 2 удаа, Алтан гадас одонгоор тус тус шагнасан байна. Одоо Монгол улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын математикийн багш нарын академийн жинхэнэ гишүүн, Боловсрол судлалын чиглэлээр доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн боловсролын газрын зөвлөх багш зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.