Стефан Цвейг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28-нд Вена хотноо ноосон эдлэлийн үйлдвэрийн эзний гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нэлээд чинээлэг амьдралтай еврейчүүд байсан учир Стефан ядуугийн зовлон гэдгийг мэдрээгүй өссөн аж. Зохиолч өөрийнхөө намтрыг бичиж үлдээгээгүй тул түүний хүүхэд нас болоод амьдралын тухай илүү тодорхой мэдээлэл байдаггүй билээ. Тэрээр гимназид суралцсаныхаа дараа Венийн их сургуульд элсэн орж, оюутан ахуй цагаасаа яруу найраг оролдон 'Мөнгөн чавхдас' нэртэй яруу найргийн анхны түүвэр номоо 1901 онд хэвлүүлжээ. Их сургуулиа докторын зэрэгтэй дүүргэсний дараа Европоос авхуулаад Энэтхэг, Америк, Куба, Панам зэрэг орноор аялав.

Дэлхийн нэгдүгээр дайны сүүлийн жилүүдэд тэрээр дайны эсрэг нэгдсэн хэсэг зохиолчтой дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэж эхэлжээ. Гэвч Гитлерийн арми Австрийг эзлэх нь тодорхой болсон үед Стефан 1934 онд нацистуудын шахалтаар Лондон руу цагаачлан, 1940 оныг хүртэл тэндээ амьдарчээ. Дараа нь 1940 онд АНУ руу нүүсэн ч жилийн дараа Бразилийн Петрополис хотод суурьшиж, нас бартлаа тэндээ амьдарсан юм. Нацистууд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхээ больсон Цвейг сэтгэлээр унан, 1942 оны хоёрдугаар сард Петрополис хотноо эхнэрийнхээ хамт их хэмжээний нойрсуулах эм ууж хорвоог орхижээ. Мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө нөхдөдөө хандан 'Үүр цайхыг заавал хүлээдэг юм шүү' гэсэн захиас орхисон байсан гэдэг.

Түүний зохиолууд тансаг яруу үг хэллэгтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь цагийн цагт ч хуучирдаггүй онцлогтой. Тэрээр зохиолууддаа эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж, сэтгэлийг нь нарийн мэдэрч бичсэн байдаг билээ. Ялангуяа түүний 'Танихгүй эмэгтэйн захидал' хэмээх зохиол тун сэтгэл хөдөлгөм бөгөөд уншигчид ч гараасаа тавилгүй уншсаар дуусгадаг гайхалтай бүтээл билээ. Оросын агуу зохиолч М.Горький хүртэл 'Эмэгтэй хүнийг Цвейгээс илүү нарийн мэдэрдэг зохиолчийг би мэдэхгүй юм' хэмээн бичиж байжээ.