Үй Хуа

Хятадын зохиолч Үй Хуа 1960 онд мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд таван жил шүдний эмчээр ажиллаж, улмаар 'хүний ам руу харахаас залхаад', хүсэл сонирхлоо даган зохиол бичих болсон гэдэг. Түүний хэлснээр 'Хүний ам шиг муухай газар энэ дэлхийд үгүй' ажээ. Бага залуу насанд нь Соёлын хувьсгал өрнөж, амьдралд нь ихээхэн нөлөөлсөн учир зохиол бүтээлдээ энэ тухай тусгах нь олонтаа. Үй Хуа нийт таван роман, өгүүллэгийн зургаан түүвэр, эсээний гурван түүвэр гаргасан байна. Тэр дундаа 1994 онд бичсэн Амьдрахуй романаар нь нэрт найруулагч Жан Имоү кино бүтээж, кино нь Каннын наадмын гурван шагнал хүртэж шилдэг бүтээлээр шалгарч байжээ. Жирийн нэгэн гэр бүлийн амьдрал, аж байдлаар 20-р зууны сүүлийн хагасын Хятад орны аж байдлыг харуулсан энэ киног Хятадад гаргахыг хориглосон юм. Амьдрахуй роман бестселлэр болоод зогсохгүй зохиолчоо алдаршуулав. Үй Хуагийн зохиол бүтээлүүдийг 20-иод хэлнээ хөрвүүлжээ. Тэрээр постмодернист маягтай туурвидаг ч сүүлийн үед Хятадад 1920-1930 онд дэлгэрч байсан модернист урсгалаар бичих болсон юм. Эхэн үеийн өгүүллэг Ах дүүс роман нь цуст дурслэл ихтэй. Энэ хэв маягаараа бусдаас ялгарсан. Зохиол бүтээлүүд нь тун энгийн, ойлгомжтой бичлэгтэй учраас хэн хүнд хүртээмжтэй. Нэг талаараа Шолоховтой тун төстэй шулуухан өгүүлдэг. Зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал, Ах дүүс романаараа Францын Курьер Интернасьональ шагнал, Италийн Гринцане Кавур утга зохиолын шагнал хүртсэн.