Түдэв Лодонгийн

1956 оны намар УБДС-ийг төгсөөд төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очин багшилсан. Тэндээ 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэрээр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм.

Л.Түдэв нь 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдсон. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг Зохиолчдын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд Зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа Зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

1984-1996 онд "Үнэн" сонины эрхлэгчээр ажилласан байна. "Үнэн" сонинд "Доктор Л.Түдэвийн долоон үг" цуврал өгүүлэл, нийтлэл, эсээ хэвлэгдэж байсан.

1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргаж байсан.

1993 онд Л.Түдэв МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж П.Очирбатад ялагдсан байна.

Тэрээр 2020 оны 4-р сарын 3-нд хүнд өвчний улмаас нас барсан. Коронавирус дэгдээд байсан тул түүний оршуулгын ёслолыг олон нийтэд зарлаж түмэн олныг бөөгнөрүүлэхгүй байхыг үр хүүхдүүдээ захисаныг ном ёсоор гүйцэлдүүлжээ.