Казүо Ишигүро

Казүо Ишигүро нь 1954 оны 11 сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондонд шилжин суурьшив. Ишигүрогийн гэр бүл Их Британид нэг, хоёр жил ажиллаад эх орондоо буцахаар төлөвлөсөн ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэндээ суурьшин, он удаан жил амьдарсан ажээ.

Ишигүро 1977 онд 23 настай байхдаа рок од болох зорилгоо өөрчлөн, уран бүтээлийн өөр нэг сонирхлоо дагахаар шийдсэн нь зохиол бичих байлаа. Ингээд Зүүн Английн их сургуулийн “Уран зохиолын хөтөлбөр” (Creative Writing Programm) хэмээх алдартай хөтөлбөрт элсэхээр шалгуулаад даруй тэнцжээ. Үүндээ өөрөө ч багагүй гайхсан аж. Уг хөтөлбөрт элсэн орсноор тэрээр бүтэн жилийн турш бичих туурвихад бүхий л анхаарлаа хандуулах боломжтой болсон юм. Ишигүро энэ хугацааг ашиглан өөрийн анхны роман буюу үйл явдал нь төрөлх Нагасаки хотод нь өрнөдөг Бүдгэрэн харагдах толгод (A Pale View of Hills) романыхаа эхний хагасыг бичсэн ба түүнийг нь 1982 онд Британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. 

Үүнээс гадна дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм.