фон Клайст Хайнрих

Клайст герман яруу найрагч, жүжгийн зохиолч, романч, богино өгүүллэгийн зохиолч, сэтгүүлч хүн байв. Хайнрих фон Клайст 1777 онд Одер голын эрэг дээрх Франкфурт хотод Померан нутгийн хуучны язгууртан айлын тав дахь хүүхэд болж төржээ. Тэрээр амьдралын турш ярианы эмгэгтэй, гацаж ярьдаг байсан юм. Клайст тухайн үеийн язгууртан гэр бүлийн хүүхдүүдийн нэгэн адилаар цэргийн эрдэмд суралцаж эхэлсэн ч түүнд таалагдаагүй учир цэргийн хүн болохоос татгалзаж 1799 онд математик, философи, хуульзүй зэрэгт суралцах болсон.

Гэхдээ эдгээр нь ч түүнд бас таалагдахаа больжээ. Төрийн албанд хэсэг ажилласныхаа дараа Клайст 1802 онд зохиол бичиж эхэлсэн байна. Анхандаа тэр голдуу жүжгийн зохиол бичдэг байснаа удалгүй өгүүллэг, эсээ оролдох болжээ. Хэдийгээр зарим жүжиг нь тайзнаа тавигдаж, ихэнх өгүүллэг нь хэвлэгдсэн ч тэр хүссэн амжилтадаа хүрэхгүй л байв. Түүний амиа хорлох хоёр гол шалтгаан нь, түүний сэтгүүл гаргах гэсэн оролдлого амжилтгүй болж, санхүүгийн хүндрэлд орсон нь болон ижил хүйстэн байснаа ямагт нуух шаналгаатай амьдрал туулсан явдал байж магадгүй билээ. Клайст 1811 онд хорт хавдартай эмэгтэй найзынхаа хамтаар Ванзе хэмээх жижиг голын эрэг дээр хамтдаа амиа хорлосон юм.
Ийнхүү амиа хорлосон нь түүнийг олонд таниулж өгсөн ч Клайстын жинхэнэ сод авьяасыг хүмүүс XIX зууны хоёрдугаар хагаст ойлгож эхэлсэн билээ. Тэр цагаас хойш түүний бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдсээр ирэв. Клайстын хамгийн алдартай уншигч Франц Кафка Михаэль Коолхаас-ын тухайд, “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа; урьд үзэж хараагүй тийм төгс чанарыг би эндээс алмайран мэдрэв” гэж сүйт бүсгүй Фелиц Бауэрдээ бичиж байжээ.

Түүнийг нас барсны дараа Германы уран зохиолд "Kleist Prize" хэмээх нэр хүндтэй шагналыг бий болгож, дараа нь түүний төрсөн газар "Клайст театр"-ыг байгуулсан юм.