Манн Томас

Томас Манн 1875 оны зургаадугаар сарын 6-нд Германы Балтын тэнгисийн эрэг дэх Любек хотноо төрсөн бөгөөд Франц Кафкаг эс тооцвол 20 дугаар зууны эхний хагаст төрөн гарсан, үргэлжилсэн үгээр туурвигч герман хэлт зохиолч дундаас хамгийн нөлөө бүхий гол төлөөлөгч билээ. Чинээлэг худалдаачны гэр бүлд төрсөн тэрээр 1901 онд 26-хан настайдаа Будденброкийн (Die Buddenbrooks) хэм утга хэмээх гэр бүлийн сэдэвт романаараа утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч иржээ. Үүнийхээ дараа олон тооны богино хэмжээний зохиол, эсээ туурвисны дунд 1912 онд бичсэн Венец дэх үхэл тууж багтана. 1924 онд Шидэт уул (Der Zauberberg) хэмээх томоохон роман бичив. Улмаар 1929 онд Нобелийн шагнал хүртсэн Манн 1930 оноос хүчтэй дэлгэрсэн нацизмын эсрэг идэвхийлэн тэмцсээр, эцэстээ1933 онд гэр бүлээрээ Щвейцарь луу цагаачлахаас аргагүйд хүрчээ. 1938 онд АНУ-руу нүүж, тэнд очсон хойноо ч Гитлер хийгээд нацистуудын эсрэг BBC агентлагаас Герман оронд цацдаг алсын долгионы радиогоор суртал ухуулга хийн тэмцлээ үргэлжлүүлж байв. Улс төрийн үйл хэрэгт ийнхүү идэвхтэй оролцсон гээд уран бүтээлээ ер хойш тавиагүй аж.