Кришан Чандар

Кришан Чандар 1914 оны 11 сарын 23-нд Энэтхэгийн Раджастханд төрсөн бөгөөд богино өгүүллэг, роман бичдэг Урду зохиолч байв. Тэрбээр хүүхэд насаа Кашмирт өнгөрүүлсэн ба түүний бичсэн богино өгүүллэгүүд нь ихэвчлэн Кашмир тосгоны түүх байдаг. 1930-аад оноос Форман коллежид суралцах болсон ба сургуулиасаа эрхлэн гаргадаг сэтгүүлд англи, урду хэлний редактораар ажиллаж эхэлсэн ба 1932 онд Садху хэмээх анхныхаа богино өгүүллэгийг урду хэлээр бичжээ. Чухам энэ үеэс түүнд англи хэл дээр зохиолоо бичих санаа төрсөн гэдэг. 

Тэрээр 20 гаруй роман, 30 гаруй богино өгүүллэгийн түүвэр болон олон тооны радио жүжиг урду хэлээр бичсэн бөгөөд Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа зохиолоо Хинди хэлээр бичих болжээ. Мөн Болливүүдэд алдартай олон кино зохиол бичсэн байдаг бөгөөд түүний зохиол бүтээлүүд англи хэлийг оролцуулаад нийт 16 хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг. Кришан Чандарын зохиолууд Энэтхэгийн уран зохиолын ертөнцөд гялалзах тод одны нэг байсан бөгөөд Урдугийн орчин үеийн уран зохиолын хөгжилд ч ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Тэрбээр Салма Сиддик хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон ба 1977 оны 3 сарын 8-нд Мумбай дахь өөрийн ажлын өрөөндөө зүрхний шигдээсээр нас барсан байжээ. 

Кришан Чандар багаасаа амьтан тэжээдэг байсан бөгөөд нас барах үедээ нугасны тухай зохиол бичиж эхлүүлсэн боловч эхний өгүүлбэрээ ч дуусгаж чадалгүй амьсгал хураасан байсан гэдэг. Түүний дурсгалд зориулан босгосон хөшөө нь өдгөө Фаунтэн Паркад сүндэрлэн байна. Тэрбээр маш хүнлэг, энэрэнгүй хүн байсан бөгөөд кастын систем, мухар сүсэг, хүчирхийлэл, терроризмыг хүчтэй эсэргүүцэн шүүмжлэгч байв. Түүний зохиол бүтээлүүдээс Уруугаа ургасан мод, Мянган эрийн сэтгэл булаасан бүсгүй зэрэг зохиолууд нь монгол хэлнээ хөрвүүлэгдэж, уншигчдын сэтгэлийг мялаасан билээ.