Буяндэлгэр Батмөнхийн

Улаанбаатар хотноо төрсөн. 2000 онд Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургуулийг гүн ухаан судлаач-багш мэргэжлээр, 2002 онд ЧХДА-ийн Эрдмийн сургуульд магистрын зэрэг, 2008 онд МУБИС-д докторын зэрэг тус тус хамгаалсан. Дэд профессор. Их шавийн дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, дэд захирал зэрэг ажлуудыг хийж байгаад одоо ЭМШУИС-ийн Сувилахуйн Сургуульд ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. 'Гүн утгас' Монголын гүн ухаан, соёл, түүхийн судалгааны төвийн тэргүүний сонгуульт ажлыг хийдэг. 'Гүн ухааны бөх судлал' I,II дэвтэр, 'Монгол бөхийн өмсгөл', 'Монгол бөхийн ёс зүй', 'Монгол бөхийн товч түүх', 'Хүннүгийн бөхийн барилдаан', 'Монгол бөх- соёл', 'Биеийн тамир, спортын түүх', 'Гүн ухаан', 'Монголын гүн ухаан', 'Монголын гүн ухааны байхуйн үзэл хувьсал' зэрэг номуудыг бие дааж болон хамтран туурвиж, 'Монгол бөхийн нэвтэрхий толь', 'Монголын анагаах ухааны үндэсний нэвтэрхий толь'-иудын зохиогчдын бүрэлдэхүүнд ажиллаж, 'Монгол туургатны бөх', 'Их Монгол Х.Шаравжамц', 'Эрүүл мэнд-биеийн тамир, спорт- шинжлэх ухаан', 'Эрүүл мэнд-биеийн тамир, спорт-философи' зэрэг номыг хамтран эмхэтгэж нийтийн хүртээл болгосон.