Мэнд-Ооёо Гомбожавын

Гомбожавын Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн 'Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй', 'Гэрэлтэх агшин бүр', 'Хэсэг цагаан манан' зэрэг номууд, хүүрнэл зохиолын 'Алтан Овоо', 'Гэгээнтэн', 'Шилийн Богд' зэрэг бүтээлүүд нь нийтийн хүртээл болж уншигчдын талархалыг хүлээсэн байна. 'Алтан-Овоо' ном нь 2002, 2007, 2009, 2010 онд монгол хэлээр, 2007 онд англи хэлнээ орчуулагдсан хэвлэгджээ. Английн судлаач, орчуулагч Сайман Вэкхам Смит уг бүтээлээр 'Г.Мэнд-Ооёогийн Алтан-овоо туурвил дахь Нутаг ус хийгээд Хүмүүсийн харилцаа' сэдвээр АНУ-ын Вашингтоны их сургуульд 2012 онд докторын зэрэг хамгаалсан байна. Г.Мэнд- Ооёогийн 'Жиргээ хөөрхөн шувуухай', 'Уулнаас өндөр тэмээ', 'Нүүдэлчин одны үлгэр', 'Морин хуурын домог', 'Хөхүүдэй' зэрэг хүүхдэд зориулсан бүтээлүүд хэвлэгдсэн бөгөөд 'Нүүдэлчин одны үлгэр' ном нь бенгал хэлээр Бангладеш улсад, 'Дөчин нэгэн хунгийн дууль' бүтээл нь япон хэлээр орчуулагдан тус улсад хэвлэгдсэн байна. 2012 онд хэвлэгдсэн 'Гэгээнтэн' роман нь тухайн жилийнхээ 'Алтан өд' шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн. 'Шилийн Богд' шинэ роман нь зохиолчийн олон жилийн судалгааны ажлын үр дүнд цогцолж, төрөлх нутгийнхаа түүх соёл, байгаль экологийг өвгө дээдэс нь хэрхэн хамгаалж өвлөсөн хийгээд хойч үе нь залгамжлан үргэлжлүүлэхийн учир утгыг үгүүлсэн түүний оюуны томоохон туурвил болжээ.