Цогнэмэх Битогтохын

Эл эзэн овогт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэх 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат. 1992-1997 онд МУИС-ийн харьяа Ховд дахь Багшийн дээд сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэжээ. 1997-2001 онд МЗЭ-ийн салбар утга зохиолын 'Ханхөхий' 28 дугаар нэгдлийн эрхлэгчээр, 2001-2007 онд үндэсний өдөр тутмын 'Зууны мэдээ' сонинд сэтгүүлч, нийгэм соёлын албаны даргаар, 2007-2008 онд 'Зууны шуудан' сонины эрэн сурвалжлах албаны даргаар, 2008 оноос 'Үндэсний шуудан' сонины тоймчоор ажиллаж байна. 'Мөс зуусан буга', 'Төгс баясгалант Ханхөхий' яруу найргийн ном, 'Ай Нан аа' жүжгийн номоо уншигч олондоо толилуулжээ. 'Модуны анд Улаадай' хүүхдийн роман, 'Үнэний хаан Будда' жүжиг, 'Нүүх уу, суух уу', 'Алунгоо эх' түүхэн уран сайхны кино зэрэг 10 гаруй бүтээл туурвисан. 'Ирээдүй ойрхон', 'Хувилгааны эрэлд' кино зохиолоо үзэгчдийн хүртээл болгосон. УДЭТ-ын тайзнаа 'Тэнгэрийн хүү' түүхэн туульсын, нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 'Ай Нан аа' түүхэн дуулалт жүжгээ тавьжээ.