Сабахаттин Али

Сабахаттин Али бол XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг билээ. 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 1948 онд Турк-Болгар улсуудын хил дээр бусдын гарт амь үрэгдсэн Сабахаттин Алигийн амьдралын түүх, Турк улсын их өөрчлөлт, хямралын үетэй давхацдаг. 

Тэр бага сургуульд хэсэг багшилсныхаа дараа Герман улсад хоёр жил сурч, Туркт буцаж ирээд герман хэлний багшийн ажил эрхлэх болжээ. Али эхлээд коммунизмыг ухуулан сурталчилсан хэргээр, дараа нь Туркийн улс төрчдийг шүүмжилсэн хэргээр нийт хоёр ч удаа шоронд сууж, төрд алба хаших эрхээ хасуулж байв. Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрсөн Сабахаттин Али урт насалж чадаагүй ч жаран өгүүллэг, гурван роман, нэг жүжиг, дал гаруй шүлэг туурвисан билээ. Алигийн 1937 онд бичсэн анхны роман Куюужакийн Юсуф Туркийн утга зохиолын хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогдож, тус улсын Боловсролын яамнаас уншихыг зөвлөдөг зуун номын жагсаалтад багтсан байдаг. Куюужакийн Юсуф роман ихэнхдээ тосгоны амьдралын талаар хүүрнэдэг бол түүний дараагийн Бидний доторх чөтгөр (1940) романы үйл явдал Истанбул хотод өрнөнө. Энэ роман улс төрийн утга агуулгаараа үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэж байжээ. Зохиолчийн сүүлчийн роман Арьсан хүрэмтэй Мадонна 1943 онд ном болж хэвлэгдсэн юм. 

Сабахаттин Али байнгын дарамтад өртөж, ядуу зүдүүгийн зовлон туулж, эх орондоо амьдрах аргагүй болсноос гадна, паспортаа хураалгасан учир 1948 оны IV сард хууль бусаар хил давах гэж яваад үндсэрхэг үзэлтний гарт амиа алдсан билээ.