Харүки Мүраками

Дэлхийд хамгийн их нэрд гарсан Япон зохиолч Мүраками Харүки 1949 оны 1-р сарын 12-нд Киотод төржээ. Тэрээр багаасаа уран зохиолд дурлаж, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Ричард Бротиган, Жек Керуак зэрэг Америк, Европын зохиолчдыг шимтэн уншдаг байв. 

Мүраками анх 29 настайгаасаа зөгнөлт зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр бейсболын тэмцээн үзэж суухдаа анхныхаа романыг бичих санааг олсон бөгөөд тэр оройдоо л бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү 10 сарын турш тууштай бичиж дуусгасан Салхины дууллыг сонсохуй роман нь утга зохиолын уралдаанд шалгарч, 1979 онд хэвлэгдсэн нь зохиолчид маш их урам зориг өгсөн бөгөөд жилийн дараа цуврал болгож Пинбол (1973), Хонь ангуучилсан нь (1982) романуудаа бичжээ. 1987 онд хэвлэгдсэн Норвегийн ой роман нь Мүракамийг алдар хүндийн оргилд хөтөлсөн бөгөөд олон сая хувь борлогдож, түүнийг дэлхийд танигдсан зохиолч болох замыг нь нээж өгчээ. 

Мөн тэрээр Бүж, бүж, бүж, 1Q84 цуврал роман, Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн нь уншигчдын сэтгэлийг татсаар байна. Мүраками зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицджеральд, Труман Капоте, Жон Ирвинг, Ж.Сэлинджерийн зохиолуудыг англи хэлнээс япон хэл рүү орчуулсан юм. Мүраками 1979 онд Кунзогийн нэрэмжит шагнал, 1982 онд Номагийн утга зохиолын шагнал, 1985 онд Танизакигийн нэрэмжит зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 2008 онд Туфтс, 2014 онд Принстоны их сургуулиас хүндэт докторын зэрэг олгох хүсэлт тавьж байжээ. Мөн Нобелийн утга зохиолын салбарын шагналд хэдэнтээ нэр дэвшсэн боловч хараахан хүртээгүй байгаа бөгөөд энэ тухайгаа "Надад ямар ч шагнал хэрэггүй, шагнал авна гэдэг чинь чи дуусаж байна гэсэн үг" гэж инээмсэглэн хэлсэн гэдэг. 

Алдарт зохиолч маань өглөө 4 цагт босоод 6 цаг тасралтгүй зохиол бүтээлээ бичсэний дараа гүйх, усанд сэлэх, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүлээд оройн 9 цагаас дахин бүтээлээ туурвиж эхэлдэг агаад пянз цуглуулах нь түүний хобби ажээ.