Камю Альбер

Нобелийн шагналт зохиолч, философич Альбер Камю 1913 оны 11-р сарын 7-нд Алжирт төржээ. Тэрээр их сургуулийн ахлах дамжаанд суралцаж байхдаа социалист үзлийг сонирхох болж, 1935 онд Францын коммунист намд элсэн, зүүний радикал сөрөг хүчний сонинд редактораар ажиллаж байв. Тэрээр Ораны их сургуулийн философийн тэнхимд суралцан төгссөн бөгөөд анхны нийтлэл нь Дотор ба өнгөн тал (1937) хэмээх гүн ухааны эсээ юм. Тэрээр 1945 оноос эхлэн "Тулаан" сонины эрхлэгчээр ажиллаж, улс төрийн ойрын бодлогын талаар бичсэн тэргүүн өгүүллүүд нь Амин чухал (1950) эмхэтгэлд оржээ. Түүний уран бүтээл эгзистенциализм (онцлог шинж нь гутрангуй үзэл, эрх чөлөөг субъектив үзлээр тайлбарлах, бодит байдлыг дан зөн совингоор шууд тайлбарлах)-ын үзэл онолтой салшгүй холбоотой юм. 

Түүний 1945 оноос өмнө бичсэн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь "хувь хүний зан чанар орчлон ертөнцийн утга учиргүй эрээн бараанаас үүддэг" хэмээн нотлохыг оролдсон Сизифийн домог (1942) эсээнээс улбаатай. Тэрээр Ромын эзэн хаан зөвхөн өөрт ноогдох туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд хэт баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг Калигула (1944), утга учиргүй аллага үйлдсэний төлөө цаазлуулах ял сонссон нэгэн эр үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөндсөн Этгээд хүн (1944), амьдралын утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтэх хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьсан Үймсэн хүн (1951) зэрэг зохиол бичсэнээс гадна он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын ярианы хэлбэрээр бичсэн Тахал (1947) хэмээх роман нь Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. 

Альберт Камю 1957 онд Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.