Дорж Жамсрангийн
Ж.Дорж нь XVI жарны хөх морин жил Хөвсгөл аймгийн Шинэ-Чандмань сумын Цохиот бригадын 'Ногоон булаг' хэмээх нутагт төрсөн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10-н жилийн дунд сургууль, Анагаах Ухааны Дээд Сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Анагаах ухааны ерөнхий мэс заслын эмчийн мэргэжил олгох курс, гэмтэл-согогийн мэс заслын эмчийн мэргэжил олгох курс, түлэнхий ба идээт мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс, Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн уламжлалт анагаах ухаан ба зүү төөнүүрийн курс тус тус төгссөн. Дотрын эмч, ерөнхий мэс заслын эмч, гэмтэл-согогийн мэс заслын эмч, АЭХ-ийн эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд, сүүлийн жилүүдэд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр 1991 оноос төрийн бус байгууллага үүсгэн байгуулж, албан бус курсээр олон арван их эмч нарт уламлжлалт анагаах ухааны мэдлэг олгосон ба эрүүл явахыг эрхэмлэгч мянга мянган иргэдэд эрүүл аж төрөх ёс, зан үйлийг заан сургажээ. Мөн өөрийн үүсгэн байгуулсан «АРДЫН ӨМГӨӨЛӨГЧ» (хуучин нэрээр «ӨВЧТӨНИЙ ӨМГӨӨЛӨГЧ») сониноороо дамжуулан танин мэдэхүйн болон асуудал хөндсөн өгүүлэл, нийтлэл гаргаж, нийгмийн тодорхой хүрээнд уншигч танилуудтай болсон юм. Одоо үндсэн ажлын зэрэгцээ Эрүүл Аж Төрөх Танин Мэдэхүйн Академийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг эрхэлдэг. Ж.Дорж 1987 оноос эхлэн «Тоншуул» сэтгүүл, «Үнэн», «Улаанбаатарын мэдээ», «Засгийн газрын мэдээ», «3ууны мэдээ», «Өдрийн сонин» зэрэг хэвлэлүүдэд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлж, өөрийн үзэл бодлоо нийгэм, олон түмэнтэй хуваалцаж ирсэн бөгөөд 2011 онд «Сэтгэл оюуны толинд туссан миний орчлон хийгээд Сэхээрлийн хонх жингэнэх эрдэнийн сан субашид», «Эрүүл аж төрөх арга зам, үзэл бодол, танин мэдэхүй» зэрэг ном гаргасан байна. «