Жигжидсүрэн П

П.Жигжидсүрэн 1947 оны 5-р сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн. 1970 оны дэлхийн шатрын 19-р олимпиадад үзүүлсэн амжилтаараа спортын мастер, 1988 онд олон улсын мастер цолыг хүртсэн. Жил бүр Улаанбаатар хотноо уламжлал болон зохиогддог байсан «Тоншуул» сэтгүүлийн нэрэмжит олон улсын 4-р тэмцээний 2-р байр, 5-р тэмцээний аварга. 1970, 1972, 1980, 1982 онуудад Зиген, Скопле, Ла-Валлета, Люцерны дэлхийн шатрын 19, 20, 24, 25-р олимпиадын оролцогч. УАШ шигшээ тэмцээнд 19 удаа шалгаран өрсөлдсөнөөс 1985 оны аварга, 1977, 1984 онуудад мөнгө, 1980, 1986 оны хүрэл медальтай. «Монхангай-2000» шилдэг шатарчдын тэмцээний аварга, МБАТ-ний спартакиадын алт, мөнгө, хүрэл медальт. Олон улсын мастер П.Жигжидсүрэн нь Москва хотноо Биеийн тамирын дээд сургуулийн шатрын ангийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. БТСУХ-нд улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Баярмаа, Лхагвасүрэн, Соёлмаа, Төвсанаа, Тунгалаг, Ундрахбуян, Батцэцэг, Гэрэлмаа, Тогтохбаяр, Хатанбаатар, Хурманбай зэрэг олон шилдэг мастеруудыг бэлтгэн гаргаж амжилтын тавцанд хүргэсэн. 1984 онд Шампиньи 'Франц' хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-нд Ц.Лхагвасүрэн багшийнхаа хамт оролцон шагналт 5-р байрт шалгарсан бол 17 жилийн дараагаар дэлхийн аваргын анхны хүрэл медалийг Б.Мөнгөнтуул Оропеца де Мар 'Испани'-аас эх орондоо авчирсан билээ. Шавь Мөнгөнтуул нь 2003 онд монголын анхны эмэгтэй их мастер болсон. П.Жигжидсүрэнг олон жилийн дасгалжуулагчийнх нь хөдөлмөрийг үнэлэн 'Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч' цолоор шагнасан. Сүүлийн үед 'Шатрын тактик', 'Шатрын стратег' 'Я.Дүгэрийн хамт' зэрэг шатрын ном, сурах бичиг нилээдийг бичсэн. Өдгөө 'Зууны шатар' клубт дасгалжуулагч багшаар ажиллаж байна.