Пүрэвдорж Т

1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1967 онд МУИС-ийг эрэл зураглалын геологич инженер мэргэжлээр дүүргэсэн. 100 буудалт даамын спортоор 1965 оноос эхлэн хичээллэж, 1974 онд спортын мастер цол авсан. 1972-1985 онд нийслэлийн аваргаар 7 удаа шалгарсан, 1973-1983 онд улсын аваргаас 2 алт, 4 мөнгө, 1993 оноос ахмадын улсын аврагаас нийт 13 медаль авсан. 1976-1988 онд шатрын холбоонд, 1988 оноос монголын даамын холбоонд тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хийж, даамын спортыг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэсний зэрэгцээ 1988 оноос хойш зохиогдсон хот, улс, олон улсын чанартай бараг бүх тэмцээнийг зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажиллажээ. Хүүхдүүдийг дааманд сургах, өсвөр, залуу даамчдыг дасгалжуулах ажилд тасралтгүй 20 гаруй жил багшилсны үр дүнд 500 гаруй шавь төрүүлсний дотор олон улсын их мастер цолтой 2, дэлхийн даамын холбооны мастер цолтой 7, спортын мастер, дэд мастер цолтой 50 орчим даамчин байна. Түүний дасгалжуулсан даамчид өсвөр, залуу даамчдын ДАШТ-ээс 4 медаль, Ази тивийн аваргаас мөн 4 медаль, 'Азийн хүүхдүүд' наадмаас 5 медаль тус тус хүртжээ. 1996 оноос хойш 'Миний мэдэх даам', 'Даамчин болохыг хүсвэл', 'Даамын шилдэг 1000 комбинац', 'Хөлөг дээр бичсэн түүх', 'Даамын дэлхийн аваргууд' зэрэг 10 гаруй ном бичиж орчуулжээ.