Сүхбаатар М

М.Сүхбаатар АУДэС, АУДэС-ийн харьяа эмнэлэгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, АУИС, ЭМШУИС-д тасралтгүй 44 жил багш, тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх багшаар ажилласан. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт 57-г боловсруулсан 10000 гаруй шавьтай сурган хүмүүжүүлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хүүхдийн зөвлөх эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан. М.Сүхбаатар нь 40 гаруй жилийн хугацаанд 118000 гаруй өвчтөн үзэж, зөвлөж, эмчилсэн төдийгүй эмчилгээ оношлогоонд 50 гаруй шинэ арга, аргачлал нэвтрүүлсэн байна. М.Сүхбаатар шинэ бүтээл 3, оновчтой санал 9, ашигтай загвар 5-ыг гаргаж, зохиогчийн эрхийн гэрчилгээ 18 авсан. Ном, товхимол, лавлах, гарын авлага, сурах бичиг 50 гаруйг туурвиж, эрдэм шинжилгээний илтгэл 110 хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэл 13 хэвлүүлсэн. Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. М.Сүхбаатар 2008 оны БСШУЯ-ны шилдэг бүтээлийн шагнал, 2007, 2011 онд ЭХЯ-ны шилдэг номын өргөмжлөл тус тус хүртсэн. М.Сүхбаатар хүүхдийн эмчээр 43 жил эмчлэн сэргийлэх, сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын салбарт ажилласан 'гурвалсан морьтой' манай ахмад зөвлөх-эмч, сурган хүмүүжүүлэгч багш, эрдэм шинжилгээний ажилтан-судлаач хүн юм. М.Сүхбаатар 2005 онд 'Алтан гадас' одон гардан авч, 2011 онд 'Монгол Улсын Гавьяат Багш' цол хүртжээ.