Мягмарсамбуу Галиндэвийн

Тахилт овгийн Галиндэвийн Мягмарсамбуу нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур бригадын Сөртөд төржээ. 1982 онд нийслэлийн 10 жилийн 53-р дунд сургууль, 1986 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн улс төрийн анги, 2002 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн хятад хэлний курс төгссөн байна. Улс төрийн ажилтан, түүхч мэргэжилтэй. Доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа. Тэрбээр 1986 оноос Монголын Ардын Армийн 197, 186 дугаар ангид салбарын захирагчийн улс төрийн орлогч, 1993 оноос Цэргийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2000 оноос Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, 2012 оноос тус хүрээлэнгийн дэд захирал-эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Одоо ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 2014 онд Япон улсын “Showa” их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Доктор (Ph.D), профессор, Г.Мягмарсамбуу нь монгол цэргийн түүх, намтар судлал, угсаатны зүйн чиглэлээр судалгаа явуулж, судалгааны бие даасан бүтээл 20 гаруйг туурвиж, 10 гаруй бүтээлд хамтран зохиогчоор оролцон, судалгааны болон сурталчилгааны 60 гаруй өгүүлэл бичиж нийтийн хүртээл болгосноос гадна 8 бүтээл эмхтгэн хэвлүүлж, бусад судлаачдын 9 бүтээлийг хянан зөвлөсөн байна. Мөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 30-аад илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээгээр БХЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөл, ЗХЖШ-ын захиалгатай хэд хэдэн төслийн судалгаанд удирдагч болон гүйцэтгэгчээр оролцжээ. Түүний “Домогт жанжин Ардын Хатан баатар С.Магсаржав” (УБ.,2011) бүтээл нь 2011 онд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Цэргийн шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ээр, хамтран зохиогчоор оролцсон “Монгол цэргийн түүхийн товчоон” хэмээх 2 боть хамтын бүтээл нь ХХ зууны Шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан байна. Доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу 2011-2012 онд “Монгол улсын цэрэг, цэргийн жанжид” (XX зууны эхэн) хэмээх 3 боть бүтээл бичиж хэвлүүлсэн бөгөөд эдгээрт монгол цэргийн домогт жанжин Ардын Хатан баатар Магсаржав, Ялгуун баатар Сумъяа, Манлай баатар Дамдинсүрэн нар болон тэдний хамтран зүтгэгчид, цэрэг эрсийнх нь амьдрал тэмцэл, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг архивын баримтанд тулгуурлан олон талаас нь харуулж, үнэлж дүгнэсэн байна. Түүнчлэн “Баргын эрх чөлөөний тэмцэл: Нүүдэл, судал” (УБ.,2007, 2011), “Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлд” (Уламжлал, шинэчлэл) (УБ.,2011), “Лаварын Дэмбэрэл” 'Намтар, бүтээл' (УБ.,2008), “Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Галсандаш” '1870-1930' (УБ.,2014), “Богд хааны тогтоосон шашин, төрийн ёс”, “Чингис хааны тахилгын сүм'(УБ.,2015) зэрэг томоохон бүтээл бичиж хэвлүүлжээ. Түүнийг Байлдааны гавьяаны одон, Байлдааны медаль зэрэг төрийн одон, медаль болон Батлан хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хөвсгөл, Дорнод, Булган аймгийн тэргүүний ажилтан тэмдэг, Ховд хотын Хүндэт тэмдэг, Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан байна.