Оссендовски Фердинанд

1878 оны тавдугаар сарын 27-нд одоогийн Беларусь Улсын Витебск хотод төрсөн. Польш үндэстэн, Оросын хувьсгалч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн. 1905 оны Оросын анхны хувьсгалд идэвхитэй оролцсоныхоо төлөө 1907 он хүртэл улс төрийн цөллөгт байсан. 1909 онд хаант засгийн шорон гяндангийн тухай 'Хүмүүсийн тоос' хэмээх роман бичиж хэвлүүлсэн боловч хураагдсан. Октябрын хувьсгалыг эсэргүүцэгч байсан. Большевикууд Германы засгийн газраас мөнгөн тусламж авч Октябрын зэвсэгт бослогыг амжилтанд хүргэсэн гэсэн баримтыг анхлан гаргаж тавьсан. 1922 онд Америкт анх хэвлэгдсэн Монголын тухай 'Хүн, араатан, бурхад' номоороо дэлхийд алдаршсан. 1930 онд хэвлэгдсэн 'Ленин' номыг нь Европын хэд, хэдэн оронд хураан шатаасан. Дэлхийн Хоёрдугаар дайны жилүүдэд фашизмын эсрэг Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхитэй оролцож явсан. Европын зарим гүрнүүдийн тагнуулын албад 1941 оноос өмнө гэрт нь хэд, хэдэн удаа нэгжлэг хийж байсан. Зөвлөлтийн Улаан арми Варшавыг чөлөөлөхийн өмнөхөн буюу 1945 оны нэгдүгээр сарын 3-нд Варшавын ойролцоох Жолвен тосгонд нас барсан. 1945 оны хоёрдугаар сард Зөвлөлтийн тусгай албад Сталины хувийн заавраар шарилыг нь ухан гаргаж Оссендовскийг үхсэн байна гэсэн албан ёсны акт үйлджээ.