Рёотаро Шиба

Шиба Рёотаро бол Япончуудад хамгийн ихээр хайрлагдсан зохиолчдын нэг билээ. Тэрбээр японы түүхийн мухар руу гүнзгий нэвтэрч, дэлхийгээр аялж, оюун бодролынхоо хэмжээг тултал нь шавхаж, гайхмаар шахам олон бүтээл туурвисан хүн юм.

Түүний бүтээлүүдийг тоолвол үргэлжилсэн үгийн зохиол 44, богино өгүүллэг 156, эсээ 1500 гээд нийтдээ 2400 бүтээл болох ажээ. Хамгийн ихээр уншигдсан, Япон-Оросын дайныг хавчуулсан Японы хуурай замын цэрэг армийн ид мандлын үеийг зурагласан “Толгодын дээгүүрх үүлс” роман 25 сая ширхэг, феодализмыг таягдан хаях их тэмцлийг тэргүүлсэн Сакамото Рюүмаг зурагласан “Рюүма явж байна” роман 24 сая 500 мянган ширхэг гэхчлэн дуу алдмаар шахам хэвлэгдэж борлогдсон байдаг. Хамгийн ихээр хэвлэгдэн борлогдож байснаар Японд эхний хорьд багтаж байснаас нь харвал түүний зохиолууд хэдийнээ 120 сая хувьд хүрчээ. 1960-аад оны сүүлийн хагасаас эхлээд 50 шахам жилийн хугацаанд япончуудын олонхи нь түүний бүтээлээр дамжуулж өнөөгийн Японыг эргэцүүлж, японы түүхийг судлаж, бас дэлхийн соёлд хүрсэн гэхэд буруудахгүй.

Шиба Рёотаро оюутан байхдаа монгол хэлийг хичээнгүйлэн сурч,залуу цагаасаа энэ улсыг сэтгэл зүрхнээсээ хайрлаж ирсэн зохиолч байлаа.