Жон Стейнбек

Уншигчдад хамгийн их хүрсэн, ХХ зууны америк зохиолчдын нэг Жон Стейнбек 1902 оны 2 дугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Салинас хотод төржээ. Түүний эцэг Жон Эрнст элсэн чихрийн үйлдвэрт нягтлан бодогч, харин ээж нь багш байв. Стейнбек сургуульд байхаасаа л уран зохиол сонирхон, өгүүллэг түүх бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1919 онд тэрээр нэр хүндтэй Стэнфордын Их сургуульд суралцах тэтгэлэг хүртэж, тус сургуульд Английн уран зохиол, сонгодог уран зохиол, эртний түүх, сэтгүүл зүй гэх мэт олон хичээл үзэж судалжээ. Зохиолч болох авьяастайдаа итгэл дүүрэн байсан Стейнбек 1924 онд сургуулиа орхин, чөлөөт зохиолч, сэтгүүлчээр ажиллахаар Баруун эргээс Нью-Йорк руу нүүсэн байна. Гэвч төдий л удалгүй нэрд гарчихна хэмээн найдсан нь бүтсэнгүй. Урам хугарсан тэрээр Калифорнидоо буцан ирээд, 1929 онд “Алтан цом” (Cup of Gold) хэмээх анхны романаа хэвлүүлэх хүртлээ амь зуухын эрхэнд янз бүрийн хар бор ажил хийн, хэдэн жилийг үдсэн аж.

Энэ романыг нь шүүмжлэгчид тоож үзээгүй боловч Стейнбек зохиолч болох замын дундаас шантарч буцсангүй. Удалгүй хоёр ч романаа дараалан гаргаж, улмаар мексик-индиан гаралтай хэдэн залууд тохиолдсон элдэв адал явдлыг 6 өгүүлэх “Тортилла хөндий” (Tortilla Flat) хэмээх романаа 1935 онд хэвлүүлсэн нь амжилт олсон юм. Стейнбекийн ихэнх романы нэгэн адил энэхүү романы үйл явдал түүний өсөж өндийсөн, тиймээс ч тун сайн мэддэг нутаг болох Калифорни мужийн Монтерей хотын орчимд өрнөдөг. Хулганууд ба хүмүүс хэмээх эл номын үйл явдал ч мөн энэ л нутагт болдог билээ. 1937 онд хэвлэгдсэн энэхүү тууж Стейнбекийн шилдэг дөрвөн бүтээлийн хамгийн анхны бөгөөд богино нь хэмээн тооцогддог. Үүнээс хоёр жилийн дараа Их хямралын үе дэх нэгэн тариачин гэр бүлийн зовлон зүдүүрийн тухай өгүүлсэн “Цөхрөлийн үр жимс” (The Grapes of Wrath), 1945 онд “Лаазны гудам” (Cannery Row) хэмээх шог өнгө аястай тууж, 1952 онд гэр бүлийнхэн нь үеэс үед дамжуулан хүүрнэж ирсэн, өвөг дээдсийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Диваажингийн хаяанд” (East of Eden) хэмээх гэр бүлийн туульс бүтээлийг тус тус олны хүртээл болгожээ. Стейнбек 1939 онд “Цөхрөлийн үр жимс” зохиолоороо нэр хүндтэй Пулицерийн шагнал хүртэж, хожим 1962 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн юм. Тэрээр үүнээс зургаан жилийн дараа буюу 66 насандаа зүрхний өвчний улмаас Нью-Йорк хотноо таалал төгсжээ.