Байгалсайхан С

Хүнийг соён гэгээрүүлэх, тэр тусмаа хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд утга, уран зохиол, урлаг соёлын нөлөө асар их үүрэгтэй. Гэтэл цагийн салхи дагасан системийн өөрчлөлтөд уран зохиолын хичээл хэлмэгдэн цаг нь багсаж байгаа нь сөрөг нөлөөтэй. Би энд ганц хоёрхон жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын модон байшин шатаад учир нь олдохгүй нэлээд хугацаа өнгөрсний дараа гэмтнүүд баригдсан байдаг. Тэдгээр нь  арваад насны бүлэг хөвгүүд байсан бөгөөд байшин шатаасан учраа ердөө л гадаадын кино үзээд дууриасан гэж хариулсан байдаг. Кино урлаг тэгэхээр ямар хүчтэй байгааг энэ жишээ харуулж байна. Хойд хөрш ОХУ-д тусгай дунд сургуулийн сурагчид бие бие рүүгээ буу гарган нэгийгээ хөнөөсөн хэрэг гарахад Ерөнхийлөгч В.Путин тэр дариуд нь зарлиг гаргаж ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Мөн 2017-2018 он шилжих мөчид ард түмэндээ зориулж хэлсэн үгэндээ ХХI зууны орос орныг авч явах шинэ орос хүнийг хүмүүжүүлэхэд утга зохиолын үүрэг асар их, үүнд кино, театр, музей, телевиз зэрэг бусад урлагийн байгууллага туслах ёстой. Манай эрдэмтэд үүнд судалгаа хийж хөтөлбөр боловсруулж яаравчлан ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Дээр дурдсан товч хоёр жишээнээс үзэхэд хувь хүний, хүүхдийн хүмүүжил боловсрол, хүн чанарын асуудалд юу хамгийн ихээр нөлөөлдгийг харуулж байна. Цаашилбал улс орон, нийгэм эдийн засаг, улс төрд ямар хэрэгтэй, энэхүү хүнийг хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд утга зохиол, урлаг соёлын зүйлс  нь хэрхэн нөлөөтэй болохыг төвөггүй харж болно.