Энэбиш Дүгэржавын

Бэсүд овогт Дүгэржавын Энэбиш нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат. ХААИС, Улс төрийн академийг тус тус дүүргэсэн. Ойн инженер, социологич мэргэжилтэй. Байгаль орчны яамны мэргэжилтэн, 'Өрхийн үйлдвэрлэл' сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна. Монголын шинжлэх ухааны үндэсний академийн академич, 'Монгол фермер' дээд сургуулийн хүндэт профессор цолтой. Мэргэжлийн болон ажил үйлдвэрлэлийн чиглэлээр ном, товхимол 15-ыг нийтлүүлж, 5 ном редакторласан. Шинэ бүтээл оновчтой санал 10 гаруйг гаргаж эрхийн хамгаалалт хийлгэсний зэрэгцээ шинжлэх ухаан технологийн болон байгаль орчны 5 төсөлд гүйцэтгэгчээр ажиллажээ. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн тэргүүлэх чиглэл болсон биотехнологийн аргыг манай орны жимс, жимсгэний аж ахуйд хэрэглэх боломжийг судлан ХАА-н ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан. Мөн 'Хөдөөгийн залуучуудын оюун санааны дүр төрхийн төлөвшил' сэдвээр социологийн бүрэн хэмжээний судалгааг явуулж тэдний дунд зохиох соёл хүмүүжлийн ажлын аргазүйг, нэг сая шахам га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авах судалгааны ажлыг бусад эрдэмтдийн хамт явуулж шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулсан байна. 'Байгаль орчны тэргүүний ажилтан', 'Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан', 'МХЗЭ-ийн тэргүүний ажилтан', 'Шинийг санаачлагч' цол, тэмдэг, 'Залуу зохион бүтээгч' болон 'Хөдөлмөрийн алдар' алтан медалиудаар шагнагджээ.