Дашжамц Далай

Д.Дашжамц 1974 онд ОХУ-д Уралын политехникийн дээд сургуулийг 'Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер' мэргэжлээр Онцлох дипломтой төгссөн, барилгын инженер, геотехникч мэргэжилтэй. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн дээд сургуульд 'Монгол орны хөлдүү хөрсний барилгын шинж чанарын судалгаа' сэдвээр дэд докторын, 1998 онд 'Тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилгын буурь, суурь төсөллөх онолын үндэс' сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 1994 онд дэд профессор, 2001 онд профессор цол, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич хэргэм хүртсэн эрдэмтэн. 1967-1968 онд Улаанбаатар хотын тоосгоны заводад ажилчин, 1974-1979 онуудад МУИС-ийн барилгын инженерийн факультетэд багш, 1979-1983 онд Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, 1983-1989 онд МХЗЭ-ийн Төв хороонд нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1990-2001 онд ТИС-ийн БИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 2001-2009 онуудад ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, 2009 оноос БИАС-ийн геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж байна. Барилгын инженерүүдэд зориулсан 'Инженерийн геологи', 'Хөрсний механик', 'Барилга байгууламжийн буурь, суурь', 'Барилгын суурь ба газар доорхи байгууламжийн бүтээц', 'Өндөр барилгын суурийн тооцооны загвар ба аргууд' зэрэг цуврал сурах бичиг 'Монгол орны тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилга барих ухаан' нэг сэдэвт бүтээл, 'Монгол орны геотехникийн нөхцөл' инженерийн лавлах, 'Structurally Unstable Soil Mechanics and Foundation Engineering Problems' нэг сэдэвт бүтээлийг англи хэл дээр Оросын эрдэмтэн Я.А.Кроник, Б.В.Лыкщитов нартай хамтран Москвад 'Основания и фундаменты на мерзлых и пучинистых грунтах' номыг орос хэл дээр тус тус хэвлүүлсэн. Д.Дашжамц монгол орны геотехникийн нөхцөлийн судалгаанд онцгой анхаарч барилга байгууламжийн зураг төсөл, тооцооны үндэсний нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 'Монгол орны инженер-геологийн нөхцөлд барилгын буурь, суурийн төсөл зохиох норм, дүрэм' (1994)-ийн ерөнхий редактор, 'Монгол орны автозамын уур амьсгал ба геотехникийн нөхцөл' (2004) гэсэн норм дүрмийн зохиогчоор, 'Хөндийт ухмал болон суумтгай ул хөрсөнд барилга байгууламж төлөвлөх норм, дүрэм', 'Төмөр бетон бүтээц', 'Барилгын бүтээц ба найдваршил, ерөнхий шаардлага', 'Хөөлттэй хөрс бүхий газар барилга барих норм, дүрэм', 'Хөлдөж овойдог ул хөрсний геотехникийн шинж чанарыг үнэлэх дүрэм' нийт барилгын 7 норм ба дүрмүүдийг хамтран боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон. Д.Дашжамц эрдэм шинжилгээний 160 өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн, 16 норм, стандарт боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Д.Дашжамц нь Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Олон улсын дээд боловсролын академийн гишүүний сонгуультай. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын барилгын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, монголын геотехникчдийн холбооны тэргүүн. Д.Дашжамц нь 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 'Алтан гадас' одонгоор, 2007 онд 'Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн' цол хүртсэн. Байгалийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Сансар судлалын холбооноос 2008 онд Ю.А.Гагарины нэрэмжит Алтан медалиар шагнагдсан.