Цанжид Аюурзанын

Цахилгааны инженер, улстөр судлаач. Түүхийн ухааны доктор, профессор. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. 1980-аад оны эхэн үеэс их, дээд сургуульд багшилж, эрдэм судлалын ажил эрхэлж ирсэн. Энэ завсар БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүний алба хашиж байсан. Монгол улсад улстөрийн шинжлэх ухааныг анхлан заасан багш, судлаач хүн. Улстөр, төр судлал, түүх, соёл судлалын чиглэлээр сонирхон судалгаа хийдэг. 'Улстөрийн шинжлэх ухаан', 'Төрийн захиргаа' сурах бичиг, 'Монгол соёл иргэншил', 'Хөгжлийн стратегийн талаар эргэцүүлэх нь' зэрэг судалгааны бүтээл, 'Залуучуудын хүмүүжил', 'Ардчилсан социализм' зэрэг сурталчилгааны товхимол, олон арван судалгаа, сурталчилгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн. 'Бодлогын шинжилгээ', 'Боловсролын социолог' зэрэг номыг орос, англи хэлнээс орчуулсан. 'Бодь модны дор бодлогоширном' нэртэй шүлгийн ном бичиж нийтлүүлсэн. Уг номонд зохиогчийн өөрийн болон польш хэлнээс орчуулсан яруу найргийн бүтээлүүд багтсан. 'Монголчуудын түүх, соёлын атлас', Монголын шинжлэх ухаан-108 боть, Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал 30 боть зэрэг олон бүтээлийн ерөнхий редактор, төслийн багийн ахлагч, зөвлөхөөр ажиллажээ. Төрийн ордонд төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө барих, шижир алт, цалин цагаан мөнгө, эрдэнийн зүйлсээр 'Монголын нууц товчоо', 'Үндсэн хууль' номыг бүтээхэд зөвлөхөөр ажилласан байна.