Густав Флауберт

Густав Флауберт 1821 онд Сена мөрний эрэг дээрх Роуэн хотод нэр хүндтэй эмчийн ганц хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа утга зохиолд дурлан биширсэн тэрээр хуулийн сургуулийн оюутан ахуй насандаа мэдрэлийн хямралд орж, энэзовлонгоо даван туулсныхаа дараа бүх боломж, эрч хүчээ зөвхөн зохиол бичихэд хандуулсан гэдэг. Ойрх Дорнод, Грек, Итали, Хойд Африкт аялж, яруу найрагч Луиза Колеттай нэр холбогдон явсныг нь эс тооцвол, түүний бүх амьдрал уран бүтээлийнхээ төлөө урсан өнгөрсөн юм. Түүний бичих хэв маяг маш нямбай, гоо зүйтэйгээрээ бусдаас эрс ялгардаг. Тэгэхдээ ихэвчлэн Францын хөрөнгөтний нийгмийг үл тоон, түүхийн элдэв сонин үйл явдлуудын романтик хандлагыг тусгана. Тухайлбал, 1857 онд туурвисан Бовари хатагтай бүтээлийг нь “Ёс суртахуунгүй” хэмээн засгийн газар хориглож байв. Түүнээс цаашдын бүтээлүүд нь ч гэсэн нийгэмд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөхгүй байсаар 1877 онд Гурван өгүүллэг ном хэвлэгдэж, Флаубертын нэр алдар цуурайтсан түүхтэй. Хэдий нийгэм сайнаар хүлээж авдаггүй ч түүний нэр хүнд бусад зохиолчдын дунд хамгийн агуу байсаар ирсэн юм. Амьд ахуй цагтаа Тургенев, ах дүү Гонкур нартай дотно нөхөрлөж, залуу Ги де Мопассаны уран зохиолын замналыг чиглүүлэн зааварчилж явсан түүний амьдралын сүүлийн жилүүд ганцаардал, эдийн засгийн бэрхшээл дунд хүндхэн өнгөрсөн юм.