Бадрангуй Д

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Д.Батсүх (Д.Бадрангуй) Сэлэнгэ аймгийн Орхон сумын төв Нарт хэмээх газар төрсөн. Хулгана жилтэй. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Хялганатын Ойн техникумд ой судлал, Монгол Улсын Их сургуулийн сэтгүүл зүйн дээд курст сэтгүүлч, Отгонтэнгэр Их сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцсан. 1982 оноос өгүүллэг бичиж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 1987 онд МҮЭ- ийн 60 жилийн ойд зориулан зарласан уран бүтээлийн уралдаанд 'Гэрэлт-Од' өгүүллэгээрээ, 1989 онд Нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойд зориулан зарласан уран бүтээлийн уралдаанд 'Өвгөд' өгүүллэгээрээ тус тус хоёрдугаар байр эзэлж байсан. 'Сүүлчийн өдөр' өгүүллэг нь Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Мягмарын бичсэн өмнөх үгтэйгээр Монголын Зохиолчдын Эвлэлээс эрхлэн гаргадаг 'Цог' сэтгүүлийн 'Оч' буланд 1990 онд нийтлэгдэж байсан. Д.Батсүх нь 2005 онд 'Нүгэлт орчлонгийн хяслан' роман, 2006 онд 'Согоонцэцэг' 2 дэвтэр роман, 2007 онд 'Үнэнч хайрын золиос' роман, 2009 онд 'Торгуудай-1' роман, 2011 онд 'Торгуудай-2' роман, 2014 онд 'Үнэнч хайрын золиос-2' зэрэг хэд хэдэн роман туурвисан нь уншигчдаас ихээхэн талархал хүлээгээд байгаа билээ. 2008 онд хүний сэтгэлийн дотоод нууцлаг амьдралыг сонирхолтой хэлбэрээр нээн үзүүлсэн 'Сэтгэлийн үнэр' хэмээх богино өгүүллэгийн анхны түүврээ уншигчиддаа өргөн барьсан. Д.Батсүх нь зохиол бүтээлээ 'Д.Бадрангуй' хэмээх уран бүтээлийн нэрээр туурвидаг бөгөөд 'Нүгэлт орчлонгийн хяслан', 'Согоонцэцэг', 'Үнэнч хайрын золиoс', 'Торгуудай' зэрэг цуврал томоохон бүтээлүүд, 'Сэтгэлийн үнэр' өгүүллэгийн түүвэр нь уг нэрээр уншигч олонд хэдийнээ танил болсон. Д.Батсүхийн бүтээлүүд 'Цог' сэтгүүл, 'Утга зохиол, урлаг', Өдөр тутмын хэвлэл 'Өдрийн сонин'-д мөн Монголын зохиолчдын 'Ганц хүн шиг хоёр хүн' түүвэр, 'Монголын уран зохиолын товчоон' цувралын IX боть, 'Сэлэнгийн зохиолчдын уран бүтээлийн дээжис' эмхэтгэл зэрэгт хэвлэгдсэн. Д.Батсүх нь 'Согоонцэцэг', 'Торгуудай' зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн 2013 оны шагналыг хүртжээ.