Бирадамба Чонос
30-аад оны дунд үе, шинэ эргэлтийн бодлого хэмээх улс төр нийгмийн аядуу нөхцлийн жилүүдэд Архангай аймгийн Хотонт сумын нутагт мэндэлжээ. Нийслэлийн I дунд сургуульд суралцаад улмаар тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод дээд сургууль дүүргэж Инженер-механикчийн мэргэжил эзэмшсэн. Тэр мөчөөс төрийн албанд ажилласан агаад голлож Гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 1990-ээд оны чөлөөт нийгмийн сацуугаас өөрийн сонирхолыг сөхөж, түүх судлалын чиглэлээр баримт бичгийг уншиж эхэлсэн бөгөөд түүний дүнд хэд хэдэн ном хэвлүүлсний дотор 'Зая хутагтын сунтгийг шүүх болов уу', 'Ойрадын түүхэн зурвас', 'Арын сайхан хангай' түүхэн товчоон, 'Бидний Чоросуудын эрт эдүгээ', 'Залж болдоггүй үйлийн үр, залгаж болдоггүй насны хэмжээ' хэмээх ном, товхимол хэвлүүлжээ. Мөн зээ хөвгүүдийнхээ дээд уг гарал, өссөн ахуй байдлын тухай 'Чорос хоёр жинон' хэмээх номын гар бичмэлийг дуусгаж, 'Төрд зүтгэсэн хүмүүн зодуулж үхдэг' хэмээх Өндөр гэгээн Занабазар, Галданбошгот хаан хоёрын ойлголцоогүй харилцаа, Монгол улс тусгаар эрхээ алдсан эмгэнэлт үйл явдлын тухай түүх-уран сайхны ном бүтээхээр ажиллаж байна.