Ронда Берн

Австралийн телевизийн зохиолч, найруулагч Ронда Берн 1951 оны 3-р сарын 12-нд Мэльбурн хотод төржээ. Ронда Австралийн радиогоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тун удалгүй Австралийн 9-р суваг телевизэд шилжин, хэд хэдэн шоу нэвтрүүлэг дээр ажиллах болов. Энэ үед буюу 2004 оны сүүлээр Ронда түүнийг үргэлж аз дагаж, ажил үйлс нь амжилттай байдгийн шалтгаан нь нэгэн 'Нууц'-д байна гэж үзээд түүнийг судалж эхэлжээ. Ронда энэ нууцыг мэддэг хүн маш цөөхөн байдаг гэж бодож байсан ч судлах явцад түүний бодсоноос хавьгүй олон хүн нууцыг мэддэг, тэдгээрийн дотор агуу эрдэмтэд, гүн ухаантнууд, зохиолчид байсныг, мөн байдгийг олж мэджээ. Ингээд олон хүнд нууцыг түгээхээр шийдэж, нууцыг мэддэг зохиолч, санваартан, багш, кино бүтээгч, дизайнер, хэвлэн нийтлэгчдээс бүрдсэн хүчирхэг баг бүрдүүлэн Нууц нэртэй баримтат кино хийсэн аж. Дараа нь кинон дээрээ үндэслэн ном бичиж Нууц-ыг дэлгэсэн нь түүнийг санаанд багтамгүй амжилтанд хүргээд зогсохгүй, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн амьдралыг бэлэглэх болжээ.

Нууц ном нь 2007 онд 40 гаруй орны хэлээр хөрвүүлэгдэж, 19 саяас илүү хувь борлогдсон ба Нууц киноны 2 сая гаруй DVD худалдаалагдсан түүхтэй. Мөн онд Ронда Бернийг Таймс сэтгүүлээс 2007 онд 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д оруулсан ба Опрагийн шоунд уригдан оролцсоныхоо дараа нэр хүнд нь улам бүр өссөн юм. Тэрбээр Нууц-ын үргэлжлэл болгож Нууцын хүч, Ид шид зэрэг номнуудыг бичсэн ба хамгийн сүүлд Баатар хэмээх номоо хэвлүүлээд байна. Нууц хэвлэгдэн гарснаасаа хойш эерэг, сөрөг олон санал, шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд одоо ч хүмүүс эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Ронда Берн мөн 'Sensing Murder', 'Marry Me' зэрэг Австралийн телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн продюсероор ажиллаж байжээ.