Цэрэнханд Гэлэгжамцын

1963 онд Москвагийн Улсын их сургуулийн түүхийн ангийг угсаатны зүйч мэргэжлээр төгсч өдгөөг хүртэл ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ажиллаж байна. Тэрээр XIX-XX зууны монголын малчдын талаар үнэ цэнэтэй мэдээлэл, судалгааны эх хэрэглэгдэхүүн хуримтлуулж, хүрээлэнгийн сан хөмрөгийг баяжуулсан. Монголчуудын өрх гэр, түүнд холбогдох зан үйл, малчин айлын нутагшлын тухай угсаатны зүйн материалыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж, түүний хувьслыг бодит жишээн дээр судлан гаргаж байна. Г.Цэрэнханд угсаатан судлалын сэдвээр нийтлүүлсэн бүтээлүүддээ монгол угсаатны бүлгүүдийн угсаа-соёлын уламжлалын нийтлэг, өвөрмөц талыг тодруулахад анхаарлаа хандуулж, арга зүйн шинэлэг хандлага, санаа дүгнэлт гаргах суурийг тавьж өгсөн болно.