Төмөрчулуун Гуудайн
Гуудайн Төмөрчулуун нь гадаад харилцааны салбарт 36 жил ажиллахдаа Монгол Улсын гадаад бодлогын олон чухал зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн бөгөөд тэдгээрийн дотор 1994 оны Монгол Улсын Гадаад бодлогын анхны үзэл баримтлалыг боловсруулан УИХ-аар батлуулах мөн Монгол Улсыг ЭҮНХ-нд 1992 онд гишүүнээр элсүүлэх ажлыг гардан хийжээ. Г.Төмөрчулуун 1990 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академид 'БНМАУ-аас Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний талаар явуулсан бодлого' сэдвээр түүхийн ухааны дэд докторын (Ph.D), 2006 онд олон улс судлалаар шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг 'Гадаад бодлогын шийдвэр гаргах Өрнөдийн (Америкийн) онол ба жижиг улс' сэдвээр тус тус хамгаалсан. ШУА-ийн ОУСХ түүнд 2008 онд судалгааны тэргүүлэх профессор цол олгосон. Г.Төмөрчулуун ГХЯ-д дипломат ажил хийхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэх, багшлах ажилд мэдлэг, туршлагаа зориулж иржээ. Тэрээр МУИС-ийн ОУХДС-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1992-1994 онд анхны тэнхимийн эрхлэгчээр нь ажиллаж байв. 2006 онд тэрээр МУИС-ийн 'Хүндэт доктор' цол хүртжээ. Г.Төмөрчулуун Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан буюу 1990-ээд онд Лондоны Хатан хааны олон улс судлалын хүрээлэн (Chattam House), Эдийн засгийн сургууль (London School of Economics), Японы Олон улс судлалын хүрээлэн (JIIA), Малайзын Дипломатын Академи, АНУ-ын Сан Диегогийн Их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэн, Владивостокийн ОУХДС, БНХАУ-ын Цинхай Их сургуульд тус тус уригдан лекц уншиж байв. Доктор Г.Төмөрчулуун Монголын Гадаад бодлого, олон улсын харилцааны сэдвээр 20 гаруй ном туурвиснаас эрдэм шинжилгээний олон бүтээлүүд нь англи, орос, испани, япон, серб зэрэг дэлхийн олон хэлээр нийтлэгджээ. Доктор Г.Төмөрчулуун монгол түмний түүх, соёлын гайхамшигт дурсгалууд болох 'Монголын нууц Товчоо', 'Монгол Гэсэрийн тууж'-ийг испани хэлнээ анх орчуулж, 2004 онд 'Монголын нууц Товчоо'-г Куба улсад 10 мянган хувь хэвлүүлжээ. Энэ бол 'Монголын нууц Товчоо'-г дэлхийн томоохон хэлэнд монгол хүн орчуулж, хэвлүүлсэн анхны тохиолдол байсан юм. Түүний хийсэн 'Монголын нууц товчоо'-ны испани орчуулга Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 'Хамгийн, хамгийн шилдэг' өргөмжлөл хүртэж, 2008 оноос түүний сонгомол эхийн орчуулга интернетээр цацагдаж дэлхийн сая сая уншигчдын хүртээл болжээ.