Хюго Виктор

Францын нэрт зохиолч, яруу найрагч Виктор-Мари Хюго 1802 оны 2-р сарын 26-нд Безансонд төржээ. Бурбоны удмынхныг сохроор шүтдэг, католик шашинтай эх нь хүүгээ хаант засгийг талархах үзлээр хүмүүжүүлсэн байна. Тэрээр шилдэг сурагчдын Кордьегийн дунд сургууль, Ноблес дахь Мадридын коллеж, гэгээн Людовикийн лицей сургуульд сурч байх үеэсээ шүлэг оролдож, классизмын дэг маягаар бичсэн магтаал шүлгээрээ яруу найргийн уралдаанд түрүүлж байжээ. Хюго 'Магтаал ба бусад шүлгүүд' '1822' анхны эмхэтгэл номоо хэвлүүлж, Францын хөрөнгөтний хувьсгалыг эсэргүүцэн 1793 онд босож тэмцсэн тайж нар, сүм хийдийнхэн, мөн Бурбоны удмын хаадын үеийг магтан сайшаасан нь язгууртан дээдсийн дунд түүнийг алдаршуулж, XVIII Людовик хаан түүнд мөнгөн шагнал олгож байв. Хаант засгийг талархах энэ санаа түүний 'Исланд Ган' '1823', 'Толгойлогч Жаргаль' '1826' зэрэг анхны романуудад ч шингэсэн юм. 1830-аад оны үед Хюго 'Намрын навч''1831', 'Харуй бүрий үеийн дуунууд' '1835' зэрэг шүлгийн түүврээс гадна 'Парисын эх дагинын сүм' '1831' хэмээх олонд алдаршсан анхны романаа бичсэн юм. 1851 онд Луи Бонапарт төрийн эргэлт хийхэд Хюго Бүгд найрамдах улсын талд баттай зогсож, хэвлэлээр болон Үндэсний хурлын индэр дээрээс төрийн эрхийг булаан авагчдыг хайр найргүй шүүмжилж байв. Тэрбээр 1852 онд аргагүйдэж, гадаадад дүрвэн гарахад хүрсэн аж. Хилийн чинад гарсан хойноо Наполеоны балмад явдлыг шүүн буруушаасан 'Нэгэн гэмт хэргийн түүх''1852' ном, 'Өчүүхэн Наполеон' '1852' улс төрийн шог зохиол, 'Өс хонзон' '1853' зэрэг улс төрийн хилэнт шүлгийн эмхэтгэлээ бичжээ. Хүний нутагт хөөгдөж туугдсан арван есөн жил бол Хюгогийн уран бүтээлийн оргил үе байв. Тэрбээр энэ хугацаанд 'Шоовдор хүмүүс' '1862', 'Зоригт далайчид' '1866', 'Инээмтгий хүн' '1869' зэрэг нийгмийн сэдэвтэй шилдэг сайн романууд, яруу найргийнх нь хорин таван жилийн тайлан болсон 'Бясалгал' (1856) хэмээх хоёр боть шүлгийн түүврээ нийтлүүлсэн юм.Хюгогийн уран сэтгэмж, гүн ухаан, эмгэнэлтэй өнгө аяс шингэсэн сонгодог романууд одоо хэр үнэ цэнээ алдаагүй бөгөөд түүний зохиолын баатрууд, уран зохиол дахь өвөрмөц содон дүрүүд үе үеийн уншигчдын сэтгэл зүрхийг догдлуулсаар байна.