Цэвэгсүрэн Н

1956 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Тэгшийн 'Хоолойн бууц'-д төрсөн. 1964-1974 онуудад Дэрэнгийн бага сургууль, Дэлгэрцогтын 8-н жил, Мандалговийн 10-н жилийн сургуульд суралцан бага, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1974-1980 онд Герман улсын Карл Шорлеммерийн нэрэмжит Мерзебургийн техникийн дээд сургуульд суралцан химич мэргэжил эзэмшсэн. 1980-1998 онд Монгол улсын ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар, 1998 оноос хойш МУИС-ийн Хими, хими-инженерчлэлийн сургуулийн Органик химийн тэнхимд профессор багшаар ажиллаж байна. 1986 онд Органик химийн салбарт Герман улсад Химийн ухааны доктор (PhD), 1998 онд Хүнс судлал, Биоорганик химийн салбарт Химийн шинжлэх ухааны доктор (ScD) зэргийг тус тус хамгаалсан. Функциональ хүнс судлал, биоорганик хими ба байгалийн нэгдлийн химийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхлэн профессорын багийг удирдаж ажилладаг. Энэ чиглэлд 7 доктор, 50 гаруй магистрын ажлыг удирдан хамгаалуулсан. Н.Цэвэгсүрэн нь 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй. 1999 онд МУИС-ийн дэд профессор, 2009 онд МУИС-ийн профессор цол хүртсэн. Гуравдагч орны академийн тэргүүний залуу химич судлаач (1994), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1999), Ардын боловсролын тэргүүний ажилтан (2004), Хөдөлмөрийн алдар (2012), Алтан гадас (2013)-аар шагнагдсан.