Нагаанбуу Н

Бэсүдэй Намсрайн Нагаанбуу 1951 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт төрсөн. Түүхч сэтгүүлч мэргэжилтэй, дээд боловсролтой. Олон улсын 'Их засаг' Их Сургуульд багш ажилтай, хүндэт доктор, Өвөр монголын Багшийн Их Сургуулийн зочин профессор. 6-р ангиасаа мал маллаж, өөрийн хүч чармайлтаар бүрэн дунд боловсролыг 1977 онд, дээд болон их сургуулийн магистр боловсролыг ШУА-ын 'Улаанбаатар' Их Сургуульд 1999 онд тус тус бие даан эзэмшсэн түүхч бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэлд 1976 онд элссэн сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлд 1982 онд элссэн зохиолч юм. 'Монголын гурвал онол', 'Монголын он цаг тоолол', 'Итгэхүй ухаан', 'Монголчуудын дүүрэн чанарын онол', 'Шинж тэмдэг дохионы онол', 'Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалаа', 'Монгол төр ёс заншлын үндэс', 'Монголчуудын язгуур гүн ухаан' зэрэг судалгааны олон бүтээл туурвисан түүхч, гүн ухаан судлаач. 2001 онд 'Хөх галын сүйтгэл' зөгнөлт роман бичиж Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2005 онд XIII зууны сэдэвт 'Тэнгэрлэг түүх' түүхэн роман бичсэний төлөө утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог 'Алтан-Өд' шагнал, 'Амин ертөнцийн дуулиан', 'Айдсын мандлын нууц' уран зөгнөлт романууд бичиж 'Алунгоо' шагнал хүртсэн. Алтай нутаг, ухаант дээдсийнхээ сэдвээр 'Алтайн тэнгэр' гурван дэвтэр роман туурвисан нь уншигчид болон мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татдаг. 'Их төрийн голомт' баримтат уран сайхны кино, 'Их Монгол-800', 'Бунхан' зэрэг түүхэн баримтат кинонуудын зохиолыг бичиж Монгол телевиз, Монгол кино нэгтгэлүүдтэй хамтран бүтээсэн.