Киссинжер Хенри

Америкийн дипломатч, улс төр судлаач, доктор Х.А.Киссинжер 1923 оны 5-р сарын 27-нд Германы Фүртэд төрсөн ба 1938 онд АНУ-д ирээд, 1943 онд тус улсын иргэн болжээ. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Нью-Йорк хотын коллежид нягтлан бодогч мэргэжлээр суралцсан боловч 1943 онд цэргийн албанд татагдан, 3 жилийг армид өнгөрүүлсэн юм. 1950 онд Харвард коллежийг улс төрийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн ба 1951 онд магистр, 1954 онд докторын зэргээ Харвардын их сургуульд хамгаалжээ. Ингээд Харвардын их сургуульд багшлах болж, 1955-56 онд Гадаад харилцааны консулын газарт цөмийн зэвсэг, гадаад бодлогын чиглэлээр судалгаа хийх болсон бөгөөд жилийн дараа 'Цөмийн зэвсэг хийгээд гадаад бодлогын асуудал' номоо бичиж хэвлүүлжээ. 1973 он хүртэл 'Рокфеллерийн ах дүүсийн сан'-ийн 'Тусгай судалгааны төсөл'-ийн багийн ахлагч, Харвардын их сургуулийн Олон улсын хурал зохион байгуулах албаны дарга гэх мэт хэд хэдэн алба хашиж байгаад 1973 оны 9 сарын 22-нд АНУ-ын тавин зургаа дахь Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөж, 1977 оны 1-р сарын 20 хүртэл энэхүү нэр хүндтэй албыг хашсан юм. Мөн 1969 оны 1-р сарын 20-ноос 1975 оны 11-р сарын 3-ныг хүртэл Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахаар ажиллажээ. Тэрээр 'Цагаан ордонд өнгөрүүлсэн он жилүүд' '1979', 'Өөрчлөлтийн он жилүүд' '1982', 'Шинэчлэлтийн он жилүүд' '1999' хэмээх 3 дурсамжийн ном, 'Цөмийн зэвсэг хийгээд гадаад бодлогын асуудал' '1957', 'Сонголт хийх хэрэгцээ' '1961', 'Америкийн гадаад харилцаа' '1969'эсээний эмхэтгэл, 'Дипломат үйл ажил' '1994', 'Америкт гадаад бодлого хэрэгтэй юу?' '2001', 'Хятад оронд' '2011' зэрэг гадаад бодлогын чиглэлээр 14 ном бичжээ. Түүний хамгийн гол бүтээл болох 'Дипломат үйл ажил' бүтээлийг Монсудар хэвлэлийн газар орчуулсан юм. Доктор Киссинжер 1973 онд Нобелийн энх тайвны шагнал, 1977 онд Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль (тус улсын иргэний хамгийн дээд шагнал)-аар тус тус шагнагджээ.