Гомбосүрэн Ц

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимд зөвлөх профессор. Шинжлэх ухааны доктор, профессор. Орчин үеийн философи, логик, нийгмийн харилцааны философи, шашны философи, түүхийн философи, улс төрийн философи, соёлын философи, хэл шинжлэлийн философи, шинжлэх ухааны философи, монголын философийн түүх зэрэг сэдвээр 20 гаруй ном, 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. 1980-аад оны сүүлийн жилүүд, 1990-ээд оны эхний жилүүдэд Монголын улс төрийн тогтолцоог шинэчлэх, түүний дотор, МАХН-ыг шинэчлэх, улмаар Монголын Сэргэн Мандлын Намыг байгуулах, тус нам зарим намтай нэгдэн Монголын Үндэсний Ардчилсан намыг (энэ нам улмаар Ардчилсан намыг байгуулах нэг бүрэлдэхүүн нь болсон) зохион байгуулах зэрэг онолын болон улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. ЕБС-ийн болон их, дээд сургууль, коллежийн нийгмийн ухаан, философийн сургалтын агуулга, бүтцийг шинэчлэхэд оролцон, энэ чиглэлээр хэд хэдэн гарын авлага, сурах бичиг, бусад бүтээл нийтлүүлж ирсэн. МУИС-ийн философийн салбарын бакалавр, магистрантур, докторантурын сургалтын 10 гаруй хөтөлбөр боловсруулан батлуулж, хичээл заадаг. Монгол улсын гавъяат багш, Алтангадас одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг зэрэг шагналтай. МУИС-ийн захиргааны шийдвэрээр 2002 онд 'Оны тэргүүний багш', 2009 онд 'Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш' шагнал, өргөмжлөл хүртсэн.